Монгол Улсын хилийн төмөр замын хоёр дахь гарцыг нээж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр зам ашиглалтад орлоо.
Энэ төмөр зам Хятадын Мандал боомттой холбогдсоноор манай улсын импорт, экспортын эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн уг бүтээн байгуулалтыг дагаж 1,300 орчим ажлын байр орон нутагт бий болж байгаа аж.
Дорноговь аймгийн Зүүнбаян багаас Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгаар 226.9 километр өртөөчлөх төмөр замын талаарх товч мэдээллийг танилцуулбал,
Өргөн, нарийн цариг хослуулсан энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулсан юм.
Тэрбээр "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад найман сарын хугацаанд 3,500 гаруй хүн ажиллаж, 1,600 орчим техник хэрэгсэл ашигласан. Төмөр зам баригдаж буй байршлаас шалтгаалж тулгарсан хүндрэл нь говь нутгийн элс, шуурга байлаа. Гэхдээ гадаа шалба норох хэмжээний их бороо цутгахгүй л бол бид ажилласаар л байсан. Өглөө нар мандахаас орой жаргах хүртэл найман сарын хугацаанд тасралтгүй ажиллаж, өнөөдөр бүтээн байгуулалтаа нүдээр үзэж байна.
Бид замын эхлэлээс эцсийн цэг хүртэл нүүдлээр ажиллаж, хүн хүчээ хуваарилж байсан. Зам угсралтын ажлыг хоёр зэрэг эхлүүлсэн нь цаг хугацаа хэмнэсэн алхам байв. Өөрөөр хэлбэл, замын эхлэл 0 цэгээс нэг хэсэг нь ажиллаж, замын төгсөл боомтоос нөгөө хэсэг нь ажлаа зэрэг эхлүүлсэн. Түүнчлэн машин механизмуудыг нааш авчирч, Ханги өртөөнд байршуулснаар мөн цаг хэмнэсэн. Улмаар замын угсралтын ажлыг дундаа уулзаж дуусгалаа" хэмээн хэлэв.
Төмөр замын өргөн, нарийн царигийн ач холбогдол...
Энэ талаар "Вагоны дугуй хоёр зам дээгүүр явдаг. Энэхүү хоёр замын хоорондын зай нь цариг.
Өөрөөр хэлбэл, замын цариг нь хоорондоо 8.5 сантиметрийн зөрөөтэй гэсэн үг. Хятад улс нарийн царигтай. Харин Орос улс өргөн цариг ашигладаг. Төмөр замаа ингэж тавьдаг учраас хөдлөх бүрэлдэхүүн нь түүндээ таарсан дугуйтай гэсэн үг.
Монгол, Хятадын төмөр замыг холбох ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ярилаа.
Энэ тухай "Ханги, Мандалын төмөр замын холболтын цэгийг Хятад улсын засгийн газартай тохирох асуудал үлдсэн. Үүнд Засгийн газар, төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч анхаарч байгаа. Энэ ажлыг ойрын хугацаанд шийдсэнээр Хятад-Монголын төмөр зам хоорондоо холбогдож, ачаа барааг саадгүй тээвэрлэх боломж бүрдэх юм" гэв.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зарим тоон мэдээлэл...
МСҮТ-ийн хоёр сарын сургалтаар онолын хичээл үзэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан Вагон үзэгч, засварчин Э.Эрдэнэчулуун "Би долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцлоо. Миний хувьд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох нь дадлага, туршлага олж авах суурь болсон. Зам төмөр болон угсралт дээр их ажиллалаа.
Ийм том бүтээн байгуулалтын нэг хэсэг болсондоо оюутнууд бид баярлаж байна. Энд надтай нийлээд 20 гаруй эмэгтэй оюутан ажилласан. Хүйтэнд хөрж, халуун хална гэдэг нь хувь хүнээс маш их тэвчээр шаардана. Энэ бүх хүч хөдөлмөрөө өнөөдөр харахад таатай байна" гэлээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон учраас арванхоёрдугаар сарын 10-нд эхний галт тэргийг Ханги өртөөнд авчрахаар төлөвлөж байна. Одоогоор хилээр галт тэрэгтэй гарч болохгүй учраас авто машинаар шилжүүлэн ачилт хийнэ гэдгийг "Монголиан транс лайн" ХХК-ийн захирал М.Баяжаргал ярив.
Хөдөлгөөний зохион байгуулалт болон концессын гэрээний талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр "Төслийн анхны Техник, Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) нь 400 орчим сая доллар байсан. Энэ өртөг цар тахлын хүндрэл болон түлшний үнэ зэргээс шалтгаалж тодорхой хэмжээгээр өссөн.
Энэхүү төмөр зам нь хүнд даацын гуравдугаар зэрэглэлийн зам буюу ачааны зам. Жилд 20-25 сая тонн шилжүүлгийн ачаа ачна хэмээн тооцож байгаа. Хоногт 8-9 галт тэрэг хятадтай солилцох тооцоотой ажиллаж байгаа. Манай байгуулсан концесс 20 жилийн хугацаатай. Энэ хугацаанд үнэ төлбөргүй улсад буцааж өгөх ёстой. Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг тооцоо судалгаанд суурилж хэлэх боломжтой" хэмээн ярив.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын зураг төслийн зохиогчоор Э.Жавхлан, Б.Золбаяр нар ажилласан байна.
Тэд хэлэхдээ "Зураг төслийн даалгавар нь А цэгээс Б цэгийг холбох. Энэхүү төмөр замын зураг төсөл нь А, Б хоёр цэгээс С цэгийг холбох болж байгаа юм. Хамгийн бага зардлаар аюулгүй байдлыг хангах зураг төсөл хийх даалгавар орж ирсэн. Ерөнхийдөө хов хоосон тал дээр очиж хараад л хаагуур явах уу гэдгийг өөрсдөө шийднэ гэсэн үг.
ТЭЗҮ буюу техник эдийн засгийн хүрээнд таван боломжит хувилбар гаргасан. Үүнээс хамгийн оновчтой нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр зам байсан. Төмөр замын зураг хийгдэж, бүтээн байгуулалт эхлэхээс өмнө бүх судалгааг хийсэн. Түүнчлэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж өгнө.
Энэ нутагт хулангийн сүрэг их байдаг учраас нүхэн гарц болон зам дээгүүр гарах боломжийг нь хангаж өгнө. Түүнчлэн дархан цаазтай газруудаар дайрахгүйгээр тойруулж явна. Тэр байтугай айлын эзэмшил газрыг хүртэл дайрч болохгүй. Тэгэхээр олон талаас нь тооцоолж зураг төслийн ажлыг гүйцэтгэдэг" гэсэн юм.
Монголын говьд төмөр замын бүтээн байгуулалтыг хийж, дараагийн Замын-Үүдийг ийнхүү нээлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!