ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй айлын 44% нь өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө” судалгааны танилцуулга Новотел зочид буудалд өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Орос, Украины мөргөлдөөн Монголын өрхүүд, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн талаар Эдийн засагч З.Манлайбаатар илтгэл танилцуулсан юм. 

Тэрбээр "Дээрх судалгааг хийхдээ Үндэсний Статистикийн Хорооны нийгэм, эдийн засгийн судалгааны дата мэдээлэлд тулгуурлан зорилтот бүлгийг хамруулан авч үзсэн. Эмзэг бүлгийн өрх түүвэр судалгааг хийхдээ Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Архангай, Өмнөговь, Дорнод аймгийн 602 зорилтот бүлгийн өрх, 20 орон нутгийн удирдлагын төлөөллийг хамруулсан. Мөн өрхүүдийг зардлаар нь 10 бүлэгт хувааж, ялгаатай бүлгүүдэд инфляц ямар түвшинд байгааг судаллаа” гэдгийг дурдав.

Өрхийн амьжиргаанд үнийн өсөлтийн үзүүлэх нөлөө нь:

  • Ядуу бүлэгт тулгарах инфляц нь чинээлэг өрхүүдийн инфляцаас өндөр байна.
  • Үнийн өсөлтийн дарамт хамгийн ихээр мэдэрч буй хэсэг нь 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэх эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон онцгой анхаарал халамж шаарддаг гишүүнтэй өрхүүд байна.
  • Эмэгтэй өрхийн тэргүүнтэй өрхүүдэд үзүүлэх инфляцын дарамт 1-2 нэгж хувь илүү байна.

Судалгаанаас харахад, гурилын үнийн өсөлт нь 3 ба түүнээс дээш хүүхэдтэй ганц бие эцэг, эхчүүдийн нийт зардлын 0.26%-тай тэнцэх ачааллыг үүсгэж байгаа бол бусад бүлгийн хувьд энэ ачаалал эрс бага байна. Түүнчлэн хүнсний ногооны үнэ өссөнөөр өрхийн хүнсний ногооны зардлын нийт зардалд эзлэх хувь 0.7– 1.1 нэгж хувиар нэмэгдэхээр байна. Харин ургамлын тосны үнийн өсөлтийн өрхүүдэд үзүүлж буй зардлын дарамт 0.2-0.4 нэгж хувь нэмэгдэхээр байгаа аж. 

Бензиний үнийн өсөлт малчин өрхийн төсөвт илүү их дарамт үзүүлж байна. Эмзэг бүлгийн өрхүүд бусад бүлэгтэй харьцуулахад тээврийн хэрэгсэлтэй байх нь бага тул бензиний үнийн өсөлтийн дарамт бага байгааг эдийн засагч З.Манлайбаатар хэллээ. 

зураг
 
Эдийн засгийн судалгааны хүрээлэн

Зорилтот бүлгийн өрхийн орлогын хүрэлцээний талаар "Өрхүүдийн 35 хувь буюу 208 өрхийн орлого нь өдөр тутмын хэрэгцээгээ ч хангаж чаддаггүй. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, хүнсний талон авдаг өрх, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхүүдийн ихэнх нь өдөр тутмынхаа хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.

Өрхийн өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүй байдал эмэгтэй өрхийн тэргүүнтэй өрхийн хувьд 43.8 хувьд, эрэгтэй өрхийн тэргүүнтэй өрхийн 30.9 хувьд ажиглагдсан" гэлээ. 

Өрхийн орлого буурсантай холбоотой тулгарч буй бэрхшээлүүдийг тодруулбал, 

  • Хувцас, хэрэглэл шинээр авч чадахгүй-60.6 хувь
  • Зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй-41.3%
  • Өдрийн хүнсний хэрэглээгээ хангаж чадахгүй-38.8%
  • Түлш авч чадахгүй /нүүрс, түлээ гэх мэт/-35.0%
  • Шаардлагатай эм тариа, тусламж үйлчилгээ-32.5%
  • Тог, дулааны мөнгөө бүрэн төлж чадахгүй-31.9%
  • Хүүхдийг сургууль, цэцэрлэг, дугуйланд-29.4%
  • Малын тэжээл, вакцин худалдаж авч чадахгүй-4.4% тус тус байгаа аж.

Энэ оны гуравдугаар сараас хойш үр тариа, малын тэжээлийн ургамлын үнэ нэмэгдсэн. Улмаар малчин өрхүүд малаа худалдах нь нэмэгдсэн. Тариаланчид илүү зардал багатай ургамал тариалах болсон гэдгийг судалгаанд дурджээ.  

зураг
 
Элийн засгийн судалгааны хүрээлэн

 

зураг
 
Эдийн засгийн судалгааны хүрээлэн