Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

PLAYTIME: Хуучин ба шинэ түүх

ikon.mn
2022 оны 11 сарын 15
iKon.MN

Монголын хамгийн анхны, хамгийн том олон улсын хөгжмийн фестиваль PLAYTIME өнгөрөгч долдугаар сард Монгол шилтгээнд 20 жилийн ойгоо тэмдэглэлээ. 2022 онд тус наадмын ойн баяр тохиосноос гадна бүх цаг үеийнхээ хамгийн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан жил байв. Анх удаа дөрвөн өдрийн турш, тасралтгүй хөтөлбөртэй, 15 тайз, 150 хамтлаг, дуучид, уран бүтээлчийг хамарсан бол 100 гаруй аж ахуйн нэгж компанитай хамтран, 2,500 хүний багтай арын алба ажиллан 60 мянган үзэгчид хүлээн авчээ.

2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой PLAYTIME Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсаар байна. 20 жилийн ойн наадмын эргэн тойрон хийгээд цаашид наадмын төлөвлөгөөг зураглахаар тус наадмын санаачлагч Ц.Нацагдоржтой ярилцан дараах нийтлэлийг бэлтгэлээ.

зураг
 

PLAYTIME 20th anniversary эргэн тойронд

Зуны улирлын мартагдашгүй дурсамжийн нэг бол PLAYTIME. Тэр ч утгаараа тус наадмыг угтсан олон төрлийн арга хэмжээ, шинэлэг хөтөлбөрүүд залуусын сонирхлыг татаж чаддаг. Дурдвал “Playtime Pre event”-ийг хамтрагч байгууллага Шангри Ла төвтэй амжилттай зохион байгуулж “Road to 20” ойн баярын үзэсгэлэнг дэлгэсэн билээ.

Цар тахлын улмаас хоёр жил биетээр зохион байгуулагдаагүй ч  “PLAYTIME Virtual”  vol 1,2 видео контентыг амжилттай хүргэж, хуучин ба шинэ олон үзэгчдийн догдлонгуй хүлээлт дор 20 жилийн  ойгоо тэмдэглэсэн билээ. Наадмын санаачлагч Ц.Нацагдорж “Энэ жилийн PLAYTIME хамгийн өргөн цар хүрээтэй байлаа. Тэр утгаараа алдаа оноо ч байв. Зохион байгуулалтын чанарын хувьд илүү оносон чанараа хадгалан хэвээр үлдээх ёстой. Нөгөөтээгүүр наадмын зохион байгуулагчдын хувьд хөгжмийн агуулгадаа илүү анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Анх энэ наадмыг яагаад зохиох болсон үзэл санаагаа илүү хүчтэй болгох ёстой” хэмээн тэрбээр онцолсон билээ.

PLAYTIME наадмын үүссэн анхны үзэл санаа, агуулга бол чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх. Тэр ч утгаараа үзэгчдийн тоог нэмэх нь зөвхөн наадмын хувьд үр өгөөжтэй бус цаашлаад хөгжмийн зах зээл, уран бүтээлчдэд ээлтэй билээ. Зохион байгуулагчдын зүгээс хийж буй олон үзэгчдийг татан ирүүлэх, наадмаар дамжуулан шинэ чанартай хөгжимд дурлуулах, таниулах стратеги, төлөвлөгөөг шүүмжлэх нь илүүц юм. Энэ жилийн үзэгчдийн дийлэнх хувийг эзэлж буй 18-35 насныхан, эдгээрийн олонх нь анх удаа ирж буй үзэгчид байжээ. Анх удаа олон улсын хөгжмийн фестивальд ирсэн үзэгчдийн хувьд хамгийн мартагдашгүй PLAYTIME байсан болов уу.

Мөн наадмын зохион байгуулагчид 35+ насны үзэгчдийг оролцуулах хөтөлбөртөө нэлээдгүй анхаарч ажилласан. Энэ ч зорилгодоо амжилттай хүрч дээрх насны үзэгчдийн эзлэх хувийг нэмж чадсан байна. Алдарт “Соёл эрдэнэ”, “Титэм” хамтлаг, Vanquish, Lumino зэрэг хип хоп уран бүтээлчид амьд хөгжмийн хамтаар тоглож, дуучин Д.Сарантуяа зэрэг дээрх уран бүтээлчдийг нэг тайзнаас үзэх гайхалтай завшааныг 20 жилийн ой бидэнд олгосон юм.

Түүнчлэн 15 тайз бүгд өөр өөрийн онцлогтой байсан бол “New Wave” тайз хамгийн ихээр үзэгчдийн таашаалд хүрсэн хэмээн зохион байгуулагчид онцолж байв. Тиймээс тус тайзны зарим хөтөлбөрийг ирэх жил төв тайз руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.

Digital PLAYTIME

 Үзэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн, шинэ техник технологи, шинэ хандлагыг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэн, тасралтгүй хөгжиж байдаг тус наадмын хувьд энэ жил цогцоороо DIGITAL болж чадсан гэхэд хилсдэхгүй ээ. Тасалбарыг Shoppy, хөтөлбөрийг Toki, зээлийн үйлчилгээг Storepay, наадмын төлбөрийн үйлчилгээг Хаан банк, интернэт сүлжээг Skymedia, шууд дамжуулалтыг Central TV хариуцсан бол Intelmind, Techpack зэрэг үндэсний нэр хүндтэй технологийн компаниудын сонирхолтой асрууд үзэгчдийн хөлд дараатай байв.

Ногоон PLAYTIME

Рио Тинто компани нь “Ногоон тогтвортой хөгжлийн стратегийн түнш”-ээр хамтран  “Байгальдаа хайр зарлая” уриатайгаар “Ногоон PLAYTIME” хэрэгжихэд дэмжин ажилласан билээ.

зураг
 

Хөгжмөөр дамжуулан залууст эерэг хандлага түгээж, наадмын өдрүүдэд ногоон хандлагыг залууст уриалсан юм. Мөн  үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн нэгэн төсөл  бол  2010 онд анхлан хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа ашиглалтад оруулсан "MCS Coca Cola" компани наадмын талбайг 99.9 хувийн цэвэршүүлсэн хаягдал усаар усалж, ая тухтай наадах нөхцөлийг бүрдүүлсэн явдал байв.

Түүнчлэн  “Хуванцаргүй, хаягдалгүй дэлхий” уриаг хэрэгжүүлэн хаягдал багатай наадмыг амжилттай зохион байгуулсан. Наадмын тээврийг хариуцсан UbCab олон хүний талархлыг хүлээж, наадмыг зорих автомашины тоог багасгаж мөн байгальд ээлтэй, ногоон наадам байхад хувь нэмрээ оруулав. 2019 оноос хойш наадам зохион байгуулагдаж байгаа Монгол Шилтгээн нь байгальд ойр байж, олон улсын фестивалийн жишгээр болоход үнэтэй хувь нэмэр оруулж буй олон жилийн түншлэгч билээ.  

Соёлын бүтээлч үйлдвэрлэл PLAYTIME

PLAYTIME фестиваль зөвхөн хөгжмийн салбар төдийгүй тус наадам төвтэй бусад урлаг соёлын арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ, залуусын амьдралын хэв маягт эергээр нөлөөлсөөр ирсэн. Өргөн утгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түүчээлэгч билээ. Тиймдээ ч  наадмын хөтөлбөрийн салшгүй хэсэг нь хөгжим төвтэй бусад урлагийн хөтөлбөрүүд байдаг. 2022 оны хувьд Соёлын Яамнаас зохион байгуулсан “Монгол Наадам” хөтөлбөр онцлог байв.

Залуучуудад монголын уламжлалт ёс заншил, соёлын биет болон биет бус өвүүдийг сурталчлан таниулах зорилготой Соёлын яамны хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн тул ирэх жилүүдэд ч үргэлжлэх байна. Мөн “Streetz” шинэ тайз Heesco ахлагчтай стрит артистуудын бүтээлүүд цоо шинээр төрсөн юм. Наадмын бусад асрууд ч мөн дээрх жишгээр уран бүтээлчдийн хамтын ажиллагаа эхлүүлсэн, шинэ төсөл хөтөлбөрүүд төрсөн бүтээлч талбар байлаа.

зураг
 

Хөгжимд хайртай хамтрагчид

Нийслэлийн засаг даргын тамгын газраас ажлын хэсэг наадмын дэд бүтэц, аюулгүй байдал, онцгой байдалд анхаарч үзэгчдийг аюулгүй, тав духтай орчинд цагаа өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Энэ жилийн хамгийн том онцлог нь хамтрагч байгууллагууд зөвхөн санхүүгийн хувьд ивээн тэтгээд зогсохгүй наадмын зохион байгуулагчидтай нягт хамтран ажиллаж, наадмыг “гоё” зохион байгуулахад гар бие оролцсон явдал байв. Аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд залуусынхаа төлөө ажиллаж буй энэхүү шинэ хандлагыг ирсэн олон үзэгчид мэдэрсэн болов уу гэж итгэнэм.

Мөн бүхий л хамтрагчид “Ногоон тогтвортой хөгжлийн” үзэл санааг үйл ажиллагаандаа шингээн ажилласанд талархууштай. PLAYTIME-р дамжуулан залуусынхаа ирээдүйн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж, үйл хэргээрээ бусдад үлгэрлэн буй бүх ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууддаа үзэгчид болон зохион байгуулагчдын өмнөөс гүн талархлаа илэрхийлж байна.

зураг
 

PLAYTIME 2023 - Чанартай хөгжим

Хөгжмийг түгээх, уран бүтээлчдийг дэмжих, шинэ хөгжмийг тогтвортой олон нийтэд хүргэх нь үргэлж наадмын эрхэм зорилго байсан гэдгийг дахин онцолъё. Чанартай хөгжим бол наадмын амин сүнс. PLAYTIME зохион байгуулагчид энэ тал дээр хамгийн их анхаарч ажиллах болсноо ч дээр дурдсан. “Наадмыг хөгжимд дуртай, хөгжим сонсох нь эхний зорилго нь болсон үзэгчид зорьж очдог болох ёстой”  хэмээн наадмын санаачлагч Ц.Нацагдорж хэлж байв. 2022 оны наймдугаар сараас эхлэн 2023 оны наадмын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд гадаад хамтлаг дуучдын тоог нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Мөн өнгөрсөн жилийн наадмын зохион байгуулалт хэвээр байх ч тайзуудыг илүү чанаржуулан, цөөлөхөөр төлөвлөжээ. Мөн 3 өдрийн турш болох ба 4 дэх өдрөөс эхлэн бүтэн сайны өглөө наадмын хөтөлбөр дуусах байна. Энэхүү өөрчлөлтөө “Үзэгчид маань бүтэн сайны орой наадмаа дуусгаад нэгдэх өдөр ажилдаа явах нь бий. Тиймээс үзэгчдээ бүтэнсайн өдөр нь амраад эрч хүчтэйгээр ажилдаа явахад илүү таатай гэж үзсэн” хэмээн тайлбарласан билээ.

Хөгжим зогсох учиргүй 

зураг
 

 PLAYTIME 2023 наадмын бэлтгэл ажил наймдугаар сараас эхэлсэн бөгөөд гаднын уран бүтээлчдийг урих, хамтрагч байгууллагуудын дэмжлэгийг авах зэрэг ажлууд хийгдэж байна. Бэлтгэл ажлын хамгийн чухал хэсэг бол ирэх жилийн наадамд оролцох хамтлаг, дуучид, уран бүтээлчдийг шалгаруулах “Showcases”  арваннэгдүгээр сард болох ба бүтэн нэг сарын турш нийт 10 удаа зохиогдох аж. “Showcases” нь үзэгчдэд нээлттэй болдог учир шинэ уран бүтээлчид зөвхөн ирэх жилийн наадамд тоглох боломжоо нээгээд зогсохгүй үзэгчдэд өөрсдийгөө таниулах, хамтрагчидтай болох гээд олон шинэ боломжийг нээдэг билээ.

 

Нийтлэл бичсэн: Д.Оюунномин

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.