Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Төсөв болон хөрөнгө оруулалтын шинэчлэлээр дамжин эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэдэгт итгэлтэй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2023 оны төсвийн тухай хууль, 2024-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тухай хуулийг дагалдах хууль тогтоомжууд, боловсруулсан хуулийн төслүүд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 44.3-т заасны дагуу гишүүдийн олонх буюу 39-өөс дээш гишүүний саналаар Төсвийн тухай хуулийг батлах ёстой. 

Санал явуулахад УИХ-ын 62 гишүүн оролцсоноос 50 гишүүн буюу 81%-ийн дэмжлэгтэйгээр  2023 оны Монгол Улсын төсвийг эцэслэн баталлаа. 

Энэ удаагийн төсвийн онцлогийн талаар УИХ-ын дарга байр суурийг илэрхийлж дараах үгийг хэллээ. 

  • Төсвийн алдагдлыг өргөн барьсан төслөөс 127.6 тэрбум төгрөгөөр бууруулж, ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувьд сайжрууллаа. 
  • Зардлыг бууруулах замаар тэвчиж болох төсвийн зардлыг 176.9 тэрбумаар буурууллаа. 
  • Хэмнэсэн эх үүсвэрээр улсын хэмжээнд 10,000-аас дээш хүн амтай хот суурин, гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг эдлүүлнэ. Үүнд 173,600 өрх хамрагдана. 
  • “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ард иргэдээ элэгний өвчлөл, хорт хавдраас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 
  • Хүүхэд хамгаалалд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүллээ. Өнөр бүлээс авхуулаад хүүхэд хамгаалалд анхаарал хандуулж төсөв нэмлээ. 
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бий болгох зэргийг бодит ажил болгоход тодорхой санхүүжилт шийдвэрлэлээ. 
  • Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, нэгэнт өмнө нь эхлүүлсэн төсөл арга хэмжээнүүдийг 2023 онд багтаан дуусгахаар хуульчиллаа. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүнд тавьж, төсөв 2023 хэлэлцүүлгээр ард иргэдийн хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүллээ. 
  • Түүхэндээ анх удаа төсвөөр олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүний үр дүнд 65 сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн 19 төвийн санхүүжилт зохицуулагдаж байна. СХД-ийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12 дугаар сургуулийг барьж дуусгахаар тусгалаа. Хан-Уул дүүргийн 80 иргэний саналаар 115 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар боллоо. Эдгээр сургуулийн сурагчид зориулалтын бус байранд гурван ээлжээр хичээллэж байв. 
  • ТӨК-ийн санхүүгийн сахилга батыг сайжруулж, ил тод нээлттэй байлгах зорилгоор ТӨК-уудын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийг системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах бүх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэг хамаарах худалдах, худалдан авах бүхий л гэрээний талаар улирал бүр УИХ-д танилцуулахаар тусгалаа. Ингэснээр нүүрсний хулгайтай тэмцэх боомтын ажлын хэсэг, хяналт шалгалтын ажлын хэсгүүд мэдээллээр иргэдийг хангах үүргээ биелүүлнэ. Цаашдаа хяналтыг улам чангатгах зорилт тавилаа. 
  • Хувьцаат компани болон Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг хангахаар олон нийтийн хяналтыг сайжруулах зорилтыг дэвшүүллээ. Худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлбөр, хүний нөөц, сонирхлын зөрчил болон харилцан хамаарал бүхий этгээдийн хийж буй хэлцэл, өр авлага, захиран зарцуулалт ард түмэнд нээлттэй байх зохицуулалт хийлээ. 
  • Төрийн үйлчилгээний байгууллагуудад нэмэлт орлого олох, зарцуулах эрхийг нээж өглөө. 
  • Шинэ хөрөнгө оруулалтыг тухайн жилд санхүүжих дүн нь гурван жилийн дотор бүрэн санхүүждэг байх зарчмыг бий болголоо. 
  • Төсвийг олон хуваахыг хориглолоо. 
  • Төрийн үүргийг хариуцлагажуулах зэрэг шинэчлэлийг энэ удаагийн төсвөөр дэвшүүлж байна хэмээн танилцууллаа.

Эдгээр зорилтуудыг багтаан Төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг гишүүдийн 52.4 хувийн саналаар батлав. Эдгээр өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт чиглэл болгоод “Төсвийн болон хөрөнгө оруулалтын шинэчлэл маань үр дүнд хүрч, төсвийн бодлого, төсвийн шинэчлэлээр дамжин улс орны эдийн засагт богино хугацаанд сэргэлт авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.