Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр гэгээн монгол түмний хувь заяаг гүн бясалгаж бүтээсэн Язгуурын таван бурхан янз бүрийн шарх сорвийг туулсаар бидний үед ирсэн"

А.Намуун, iKon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өндөр гэгээний мутрын бүтээл болох “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй байна. 

Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо "Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар одоогоос 330 орчим жилийн өмнө язгуурын таван шүтээнээ бүтээсэн бололтой байна. Тэр үед цаг төр маш хэцүү байсан. Монгол нутаг дайн самуунтай, хүмүүсийн дотоод сэтгэл хямралтай, байгаль цаг агаарын байдал ган зудын гамшигтай байсан үе. Ийм үед Өндөр Гэгээн язгуурын таван бурхнаар цаг төрийг тохинуулах үүднээс бүтээсэн.

Цагийг тохинуулагч Жанлавцогзол, Соёмбо, Язгуурын таван бурхан, Очирдарь бурхныг 10 жилийн дотор бүтээсэн нь учиртай. Энэ бол монгол түмний хувь заяа, монгол орныг төвхнүүлэх үүднээс гүн бясалгаж бүтээсэн, агуу их хүчтэй шүтээн гэж бид ойлгодог. Түүнээс хойш цаг төр төвхнөөд, хямраад ороо бусгаа олон он жилийг туулсан.

Язгуурын таван бурхан Сарьдагийн хийд гэдэг их уулын хүрээн дотор тэр үед байсан байх. Гэхдээ дараа нь нүүдэл суудал, гал усны гашуун зовлон, 1937 оны сүм хийдийн устгал хэлмэгдүүлэлт, галдан шатаасан үйл явдлын дундуур Өндөр гэгээний Язгуурын таван бурхан янз бүрийн шарх сорвийг олоод байсан боловч туулсаар байгаад бидний үед хүрч ирсэн нь Өндөр гэгээний номын агуу их хүч энэ шүтээнүүдэд оршжээ гэж ойлгогдохоор байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1937 онд Жанрайсэгийн гандан дээр Оросын 17 дугаар армийг байрлаж байх үед тэр үеийн түүхийн хүрээлэнд ажиллаж байсан Цэрэн-Очир, түүхч Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн гуай нар Жанрайсэгийн сүм дотор овоолоод хаячихсан шүтээнүүдээс сорчлоод музей байгуулахад зориулаад авсан бурхдын дотор Язгуурын таван бурхан байсныг Чойжин ламын сүмд аваачиж хураасан гэж өөрсдөө ярьдаг байсан. Эдгээр шүтээнүүд салангид оршиж байсан боловч нэгдмэл хүч нь агуу их хувь тавилан гэж язгуурын таван шүтээнийг яг таваар нь өөрийн нүдээр харах гэж байгаа нь гайхамшигтай үйл явдал.

Урлагийн бүтээлийн тухайд бас л гайхамшиг. Өндөр гэгээний бүтээсэн тэр цаг үед бурхны шашинд хямралууд байсан. Энэтхэг, Балба, Төвөдөд бурхан урлалын бүтээлийг тэрбээр харж байсан байх. Монгол хүн бурхны шашны шүтээн урлалд агуу их сэргэн мандалтыг авчирсан. Энэ агуу бүтээлүүд ямар хөрс суурин дээр бүтсэн гэдэг нь гайхалтай зүйл. Мэдээж Дорно дахины бурхан урлалын их сургуулийг мэлмийгээрээ болгоож, суралцсан байх. Язгуурын таван бурхан, Очирдарь эх, ногоон дарь эх, цагаан дарь эх нь тэр үеийн монгол хүний гоо сайхны төгс мэдрэмж, гар урлалын хөгжлийн түвшин, монгол хүний энэрэнгүй зөөлөн элбэрэлт сэтгэлийн цогцол болж, Өндөр Гэгээний мутрын ураар, билгийн мэлмийгээр гайхамшигтай дүрийг олж цогцолсон. Бид 330 жилийн дараа үүнтэй эн тэнцэх бүтээлийг тийм ч амар олж харахгүй байх. 

Өндөр гэгээн агуу их шүтээнийг Монголын ард түмэнд адислаж, бүтээж орхиод зогсоогүй монгол хүн мутрын ураараа энэ зэргийн бүтээлийг 300 гаруй жилийн өмнө бүтээсэн нь бүх цаг үед бүтээж чадах ур ухаантай, авьяастай ард түмэн шүү, та нэр энэ зэргийг бүтээгээрэй гэж бидэнд үргэлж сануулж байгаа юм шиг хүч, энэрэхүй, зөөлөн сэтгэл, бодь амгалан байдлыг бий болгож байдаг. 

Тэрбээр хүний төгс төгөлдөр, амгалан, дотоод ариуслыг яг ийм төлөв байдалд байх болов уу гэдгийг төсөөлөн бүтээсэн байх. Бид тэр зүг рүү зорьж яваа" хэмээн ярилаа.

Үзэсгэлэнгийн нээлтээс

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг