Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Европын Холбооны Свич Эйшиа Хөтөлбөрөөс санхүүжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” санаачилгатай хамтран “Ногоон, эко шошгожилт ба ногоон санхүүжилт” бага хурлыг 2022 оны аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү хуралд 300 гаруй эмэгтэй жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) бизнес, худалдаа эрхлэгчид цугларан Монголын тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээг дэмжихэд чухал хэрэгсэл болох ногоон санхүүжилтийн талаар хэлэлцсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын үндэсний стратегитай уялдуулан энэхүү төсөл нь зах зээлд суурилсан эко-шошгоны систем нэвтрүүлэх, чадавхыг сайжруулах, хандлагыг өөрчлөх, ногоон санхүүжилт авах замыг нээх замаар хүнс, ундаа үйлдвэрлэгч 1500 жижиг, дунд үйлдвэр, мөн чиглэлийн 30 гаруй бизнесийн холбоо, 750 гаруй борлуулагчдыг дэмжих юм.
“НҮБ-ын Эмэгтэйчүүд, Байгаль орчны болон бусад байгууллагын судалснаар сэргээгдэх эрчим хүч, ногоон бизнесийн чиглэлээр эмэгтэйчүүд хүчирхэг бизнес эрхлэгчид байж чаддаг байна. Эмэгтэйчүүдэд ур чадвар эзэмшүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тэд цэцэглэж амжилтад хүрдгээс гадна бусдыг араасаа дагуулдаг” хэмээн Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никейз хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Ирэх 8 жилд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-аар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үндэсний үүрэгтэй уялдуулсан энэхүү санаачилга нь ЖДҮ эрхлэгчдийн хандлагыг өөрчлөн чадавхжуулж, зах зээлд суурилсан ногоон баталгаажуулалт, эко-шошгоны цахим платформ шинээр бүтээн нэвтрүүлнэ. Энэхүү санаачилгын хүрээнд ногоон санхүүжилтэд хүрэх замыг нээж хүнс, ундаа үйлдвэрлэдэг бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн холбоод болон борлуулагчдыг дэмжих юм.
“Монгол Улсын Засгийн газар нь Европын Холбоо зэрэг түншүүдийн дэмжлэгтэйгээр ногоон шилжилтийг эхлүүлж байна. Гэсэн хэдий ч бид ганцаараа үүнийг хийх боломжгүй. Хувийн хэвшил, олон нийт, ялангуяа эмэгтэй тэргүүнтэй бизнесүүдтэй гар нийлэн ажиллах нь хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлоох цорын ганц арга зам юм” хэмээн Байгал Орчин, Аялал Жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ хэлэв.
Эмэгтэй тэргүүнтэй бизнесүүдийг тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах гол зорилготой учир “Ногоон, эко шошгожилт ба ногоон санхүүжилт” бага хурал нь “Эдийн засгийн ногоон шилжилт” санаачилгын хувьд суралцах чухал боломж юм.
Санаачилгын тухай: “Эдийн засгийн ногоон шилжилт” санаачилгыг Пипл ин Нийд (ПИН), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик (КЧР) ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байна. Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитэй нийцүүлэн Европын Холбооны Свич Эйшиа хөтөлбөрөөс хүнсний салбарт анх удаа хэрэгжүүлж буй төсөл юм.
Европын Холбооны Свич Эйшиа Хөтөлбөр нь 2007 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ази болон Төв Азийн 24 улсыг дэмжин, Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, Европын Холбооноос санхүүжүүлдэг хамгийн том хөтөлбөр юм. Хөтөлбөрийн ерөнхий зорилго нь тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, Ази, Төв Азийн орнуудын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, нүүрстөрөгчийн хий багатай, нөөцийн хэмнэлттэй, эргэлттэй эдийн засагт шилжихэд оршино. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.switch-asia.eu
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!