Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан Улаанбаатар хотын аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэд оруулах зорилгоор Их тэнгэрийн амны хадны зураг орчмын тохижилтын ажлыг хүлээж авч, нээлтийн арга хэмжээг өнөөдөр Богдхан уулын Их тэнгэрийн аманд зохион байгууллаа.
Улаан зосон зураг долоон хэсэг газар зурагдсан байдаг аж. Тухайлбал, дотроо олон толботой дөрвөлжин хашлага бүхий долоон зураг, ганцаараа ба 2, 3, 5-уулаа хөтлөлцөн зогссон хүний тойм 29 зураг, халин нисэж буй бүргэдийн гурван зураг, замаар явж буй адууны хоёр зураг байгаагийн зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан дүрслэлийн хэсгүүд үлджээ. Эдгээр нь хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд судлаачдын үзэж байгаагаар эртний малчин аймгуудын заншлыг харуулсан ажээ.
Харин хар бэхэн зураг нь улаан зосон зургийн хажууд байх бөгөөд “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс, монгол дээлтэй хүн, эргэж хараад зогсож буй цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ.
Монгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугараг царай, монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн хоншоортой монгол гутал өмсжээ. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэглэл зэргийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр малгайн орой дээр өд мэт зүйл хадсан явдал юм.
Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үеийн Монгол язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг богтаг малгай мөн хэмээн үздэг. Монголын Юань гүрний их хатдын хөргийг иймэрхүү малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан Монгол эмэгтэйн булшнаас ийм малгай хэд хэд гарч ирж байжээ.
Өөрөөр хэлбэл, Их тэнгэрийн амны энэхүү зураг нь Монгол эмэгтэйг зурсан анхны зураасан зураг гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!