Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" компанид нүүрсний хулгай байгаа эсэхийг шалгаж, нийтэд ил болгоно

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэт үйлдвэрт тогтоож байсан онцгой дэглэм бол өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудал үүссэн учраас төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

"Эрдэнэс Тавантолгой" компанид авч байгаа онцгой дэглэм Эрдэнэт үйлдвэрийнхээс тэс өөр. Тодруулбал үндсэн зорилго нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой. "Эрдэнэс Тавантолгой" компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж байгаа. Энэ хүрээнд офтек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Эдгээр үйл ажиллагаанд Засгийн газрын зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх, алдаа дутагдал байвал засаж ажиллах бүрэн эрхт төлөөлөгч томилогдож байна.

Офтек гэрээнүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан Засгийн газар холбогдох нууцын бичиг баримтаас гаргаж, олон нийтэд ил болгох үүрэг хүлээсэн байгаа. Өөрөөр хэлбэл Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очин уг компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө, олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгайг болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно" гэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" компани есдүгээр сарын байдлаар Монголбанканд 587 орчим сая ам.долларыг татан төвлөрүүлжээ. Хүрэлбаатар сайдын өгсөн мэдээллээр нэг их наяд 860 орчим сая ам.долларын борлуулалтыг хийсэн байна. Энэ мөнгийг ямар хэмжээнд оруулж ирэх боломжтойг судалж, танилцуулах үүрэг өгчээ.

Тус компаниас мэдээлснээр оны төгсгөл гэхэд 300 сая орчим ам.долларыг төвлөрүүлэх боломжтой гэсэн. Экспортод гарч байгаа нүүрсний хуваарилалт, ачилтад менежмент хийгээд бэлэн мөнгөөр борлуулалт хийх арга замыг эрэлхийлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ үр дүнгээр оны төгсгөлд 500 сая ам.долларыг төвлөрүүлнэ гэж тооцоолсныг тэрбээр танилцуулав.