“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээсэн юм.
Тэрбээр "Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн төслөө ард олонтойгоо, эрдэмтэн мэргэдтэйгээ, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтран ярилцаж, санал бодлыг нь сонсож, шүүн тунгаах энэхүү хэлэлцүүлгийг нээж буйдаа баяртай байна.
Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмний засаглах эрх”-ийг хангаж буй нэгэн шинэ алхам юм.
Иргэдийнхээ санал бодлыг бид D-parliament цахим систем, мэйл, утас гэсэн 3 хэлбэрээр аравдугаар сарын 7-17-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд авсан. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68,641 хүн зочилж, 14,563 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан нь энэхүү цахим систем нээгдсэнээс хойших хагас жилийн хугацааны рекорд үзүүлэлт болж, одоогоор үнэмлэхүй дээд амжилт тогтоогоод байна. Нийтдээ иргэдээс 798 санал иржээ. Эдгээрийг бид нэг бүрчлэн авч үзэх болно.
Иргэдийн ирүүлсэн санал, мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөмжөөс үзвэл төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, татварын орчныг сайжруулах, гадаад зээл тусламжийг эдийн засагт бодит үр өгөөжтэй төслүүдэд зарцуулах, алдагдалгүй төсөв баталдаг болох, оновчтой татварын тогтолцоог нэвтрүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бизнесийг дэмжих, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, түүнийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж байгааг бид онцгой анхаарах ёстойг тэмдэглэж хэлье.
Бид дотоод, гадаад амаргүй бэрхшээлтэй цаг үед ажиллаж, амьдарч байна. Өмнөх 2022 онд цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилготой төсөв баталж байв. Гэтэл цар тахлын эрсдэлийн дараа геополитикийн хурцадмал нөхцөл байдал залгаж, урьдчилан тооцоолоогүй давхар цохилтууд нийт улс орон, ард иргэдийн нуруун дээр буусаар байна.
Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж, тээвэр, ложистикийн зардал өссөөр байна. Тиймээс ирэх оны төсөв эдийн засгаа тогтворжуулах, цаашдын өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1.9 хувийн өсөлттэй гарсан. Гэвч улсын хэмжээнд инфляц сүүлийн 11 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнес эрхлэгчдийн бодит орлого, цалин буурлаа. Гадаад валютын албан нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан. Гадаад өрийн томоохон дарамт биднийг хүлээж байна.
Улсын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг мөн дүнгээр бууруулдаг нь төсөвт байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх ямар ч сэдлийг олгохгүй байна.
Жишээ нь, төрийн нэг байгууллага 100 саяын хэмнэлт гаргаж, эсвэл ийм хэмжээний орлого олсон бол дараа жилийн санхүүжилтээс нь 100 саяыг хасаж, энэ цоорхойгоо өнөө олох орлогоороо нөхөөрэй гэдэг зарчим үйлчилж байгааг зөв гэж үзэхгүй байна" хэмээн хэллээ.
2005-2022 онд бид жилд дунджаар 4 хувийн төсвийн алдагдалтай явж ирсэн. Энэ нь төсвийн зардал данхайж, халамж хавтгайрах, төсвийн үр ашиггүй зардал өсөх, Засгийн газрын өр нэмэгдэх үндэс болсон. Улмаар алдагдлыг өр зээлээр нөхөх замаар шийдвэрлэж, тухайн жилд авсан зээлийн заримыг өмнөх зээлээ төлөхөд, үлдсэн хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсаар ирлээ.
Алдагдалгүй төсөв баталдаг зарчим баримтлан Засгийн газрын өрийг багасгах нь зүйтэй гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!