Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг тусгахгүй бол Цахилгаан түгээх компаниуд алдагдал хүлээнэ"

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт эдлүүлдэг журамтай. 

Энэ жил тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх эсэх талаар Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тодруулахад "Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт эдлүүлэх нь улсын төсөвт санхүүжилт тусгагдахаас шалтгаалдаг. Энэ жилийн хувьд санхүүжилт тодорхойгүй ч Сангийн яамтай уулзалт хийн, ярилцаж байна.

Улсын төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг тусгахгүй бол Цахилгаан түгээх компаниуд алдагдал хүлээнэ" гэв.

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 100%-аар хөнгөлдөг. Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг.

зураг
 

Харин дээрх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх журамтай.

Статистик мэдээллээс харвал цахилгаан эрчим хүчний шөнийн тарифаар 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.