Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Очирбат: Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Зургийг Hardnews.mn хуудсаас авав

Оросын холбооны улсын дугаартай урсгал сөрж зогссон автомашины жолоочид хариуцлага тооцсон эсэх талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодрууллаа.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, урсгал сөрсөн бол тухайн тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж, цагдаагийн байгууллагын гадаад харилцааны алба руу шилжүүлэн холбогдох Элчин сайдын яаманд мэдээлэл хүргэдэг" гэв. 

Манай улсад ОХУ-ын дугаартай хэчнээн тээврийн хэрэгсэл орж ирээд байгааг нэмж тодруулахад орос дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд байхгүй хэмээн хариуллаа. 

Энэ талаар Хил хамгаалахын ерөнхий газраас тодруулахад хариу өгөөгүй байна. 

Зөрчлийн тухай хуулийн 14.6.30-д 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Гадаад улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай улсын замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцдог ба дугаарын хязгаарлалтад орох эрх зүйн зохицуулалт байхгүйг Тээврийн цагдаагийн албаны эх сурвалж хэлсэн юм.