Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мэнд-Ооёо: Ном бол хүний сэтгэлийг ариусгаж, мэдлэг, ухаарал, урам зориг бүхнийг өгөх хүчтэй, оюун санааг хөдөлгөгч эрчим хүч

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний 32 дахь удаагийн номын баяр өнөөдөр нээлтээ хийлээ. 

Уг баярыг санаачлан зохион байгуулагч Б.Сувд "Өнгөрсөн удаагийн номын баярт 180,000 гаруй буюу нийслэлийн хүн амын 12 хувь нь оролцсон байна. Зорин ирж буй хүмүүсийн 75 хувь нь 15-35 насныхан. Залуус маань арваад жилийн өмнө ном уншдаггүй гэж зэмлүүлж байсан бол одоо номын баярт хамгийн идэвхтэй оролцдог насныхан нь тэд болсон. 

Сурагчид ч идэвхтэй оролцох болсон бөгөөд 15-35 насныхан дундаа 49.2 хувь нь сурагчид" гэлээ. 

Номын баярын зохион байгуулалтын талаарх сэтгэл ханамж, хэрхэн сайжруулах талаарх судалгааг зохион байгуулагчид авсан бөгөөд үр дүнгийнх нь талаар Б.Сувдаас тодруулахад "Оролцогчид намуухан орчинд ном ярьж, яруу найраг сонсон, сэтгэгдлээ илэрхийлдэг баймаар байна гэсэн. Иймд нээлтийн үеэр урлагийн тоглолт нэг цаг 30 минут үргэлжлээд дуусаж байна. Мөн олон дарга ирж үг хэлэхэд дургүй байгаагаа илэрхийлсэн тул оролцогчдынхоо санаа бодлыг тусгаж зохион байгуулалтаа сайжруулж байна" гэсэн юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, зохиолч Г.Мэнд-Ооёо "Энэ өдрүүдэд номын баяр тохиож, навчис шаргалтаж, номын хуудас алтлаг өнгөөр гэрэлтэж байна. Ном хэрэглэдэггүй хүн гэж үгүй. Балчир хүүхдээс ахмад үе хүртэл бүгд номонд дуртай.

Ном бол хүний сэтгэлийг ариусгаж, мэдлэг, ухаарал, урам зориг, бүхнийг өгдөг хүчтэй, оюун санааг хөдөлгөгч эрчим хүч. Иймд номтой сайн нөхөрлөөрэй гэж хүсье" хэмээн нээлтийн энэ өдөр хэлсэн юм. Тэрбээр мөн шинэ роман бичиж буй бөгөөд оны төгсгөлд уншигчдын гар дээр хүрнэ гэдгийг ч хэллээ. 

С.Үүрийнцолмон: Би 800 гаруй ном уншсан. Өдөр 2-3 цаг ном уншдаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дунд ангийн шилдэг уншигчаар шалгарсан С.Үүрийнцолмон "Би гурван настайдаа үсэг сурч, дөрвөн настайгаасаа ном уншиж эхэлсэн. Одоогоор 800 гаруй ном уншсан байна. Ном уншсанаар үгийн баялагтай болдог. Өдөрт хамгийн багадаа 2-3 цаг ном уншдаг. Хамгийн сүүлд дэлхийн хүүхдийн уран зохиолын дээжис уншсан. Хамгийн сэтгэлээс гардаггүй ном бол Үр могой" хэмээлээ.

Номын баярыг тоогоор илэрхийлбэл:

  • ирсэн хүмүүсийн 95 хувь нь ном худалдан авдаг,
  • 70.3 хувь нь өөрийн дуртай зохиолчтойгоо уулздаг
  • 300 гаруй асар засагдаж, 200 гаруй хэвлэн нийтлэгч байгууллага, 300 гаруй зохиолч, орчуулагч оролцдог байна. 
  • 180,000 гаруй хүн зорин ирдэг
  • ирсэн хүмүүсийн 63.9 хувь нь эмэгтэй
  • нийгмийн сүлжээнд номын баярын тухай 650,000 гаруй мэдээлэл бий.

Номын баяр амралтын өдрүүдэд үргэлжилнэ. 

ФОТО: