Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд өнөөдөр тангараг өргөлөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын өөрчлөлтийг хийж байна" хэмээн танилцуулав.
Ингэснээр Засгийн газар 16 яам, 21 сайдтай боллоо. Шинээр томилогдсон сайд нарын хамгийн залуу нь 35 настай бол хамгийн ахмад нь 59 настай байна.
Шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ УИХ-ын даргад өгсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулж өглөө. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|