Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс БУРУУ зүгт явж байна" гэж иргэдийн 58% нь үнэлэв

Р.Оюунцэцэг, IKON.MN
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улсад нөхцөл байдал улам хүндрээд буй.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зургаадугаар сард 16% болсон ч цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байна. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг 3,000 давж, иргэдийн худалдан авах чадвар муудав. 

Ийм үед иргэдийн санаа бодол, эрх баригчдад өгсөн үнэлгээг харуулах чухал судалгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн(IRI)-гээс танилцууллаа. Хоёр дахь удаагаа хийсэн уг судалгааны онцлох үр дүнгүүдийг хүргэе. 



2022 оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 26-ны хугацаанд 18-аас дээш насны 2,500 хүнээс авсан уг судалгаагаар оролцогчдын 58% нь "Монгол Улс БУРУУ зүгт явж байна" гэж үзэж байгаагаа хэлжээ.

Ийнхүү хариулсан хүмүүсийн 58% нь эрэгтэй бөгөөд 65% нь 18-35, 58% нь 36-55 буюу залуучууд, дунд эргэм насныхан улс орноо ийнхүү дүгнэсэн байна. 

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд амьдралын чанар нь хэрхэн өөрчлөгдсөн тухайд 

  • 39% нь нэг түвшиндээ байсан гэсэн бол
  • 31% нь ямар нэг байдлаар дордсон
  • 12% нь маш их дордсон гэж хариулжээ. 

Ийн хариулсан иргэдэд мөн л залуучууд зонхилсон байна. 

Монгол Улсад тулгамдсан хамгийн чухал асуудал юу болох талаар хэрхэн хариулсныг доорх график харуулж байна. 

зураг
 
Эх сурвалж: IRI
Үүнд "Эдийн засаг, амьдралын өртөг, өндөр үнэ" улс орны нүүр тулсан хүнд асуудал гэж 58% нь үзжээ. Уг нь ганцхан жилийн өмнө энэ асуудлыг 9% нь л чухалчилж байж. Тухайн үед "Цар тахалтай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ", "Ажилгүйдэл" нэн хүнд асуудал болоод байна гэж иргэд үзсэн байна. 
  • Өрхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа 43% нь бага зэрэг муу, 17% нь маш муу гэж дүгнэжээ
  • Боловсрол, дэд бүтцэдээ хөрөнгө оруулахын зэрэгцээ хүнд суртлыг багасгах нь Монгол Улс эдийн засгаа сэргээх гол аргууд хэмээн нас, хүйс харгалзахгүй дийлэнх нь хариулсан байна.
  • Иргэдийн 64 орчим хувь нь Монголын ардчиллын хөгжлийн явцад бага зэрэг сэтгэл хангалуун бус болон огт сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлжээ.

Ардчиллаа хөгжүүлэх хамгийн сайн аргаар 

  • Авлигатай тэмцэх
  • Төрийн албаны хүнд суртлыг арилгаж, улс төрөөс ангижруулах
  • Иргэний боловсролын үндэсний хөтөлбөр бий болгохыг дийлэнх нь нэрлэсэн байна. 

Эрх баригчид буюу Засгийн газар, намын үйл ажиллагааг иргэдийн өгсөн үнэлгээ

Иргэдийн 47% нь улс төрийн намууд сонгогчдын асуудлыг шийдвэрлэх тал дээр маш хангалтгүй ажиллаж байна. 

зураг
 
Эх сурвалж: IRI

Иргэд сөрөг байр суурьтай байгаа хувь зонхилсон институтүүдэд

  • 35% нь улс төрийн намууд
  • 39% нь шүүх
  • 37% нь АТГ 
  • 29% Сонгуулийн ерөнхий хороо
  • 26% УИХ 
  • 25% нь Засгийн газар буюу эдгээр байгууллагуудын иргэдийн асуудлыг шийдвэрлэх байдал хангалтгүй байна. 

Ямар асуудлууд дээр маш муу ажиллаж байгааг доор жагсаасан байна.

зураг
 
Эх сурвалж: IRI

Үүнээс хамгийн муу үнэлгээ авсан үзүүлэлтүүдийг онцолбол:

  • 42% нь Авлигатай маш муу тэмцэж байгаа
  • 33% нь улсын төсвийн маш муу хуваарилж байгаа
  • 43% нь агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгаа
  • 32% нь ажлын байр бий болгох, үүнийг дэмжиж чадахгүй байна
  • 30% нь хүний эрхийг хамгаалж чадахгүй 
  • 30% нь дэд бүтцийн арчилгаа муу
  • 27% нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадахгүй
  • 21% нь гадаад бодлогоо зөв удирдахгүй байгаа гэхчлэн санаа бодлоо илэрхийлжээ. 

Судалгаанд оролцогчдын 59% нь ардчилал бол манай улсын засаглалын хамгийн зөв зам гэж үзсэн байна. 

Манай улсын хамгийн том асуудал нь Авлига гэж 74% нь үзжээ

Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй аргын эхний дөрөвт

  • Мэдээллийн хүртээмжийг сайжруулах, олон нийтэд ил тод болгох
  • Шинээр хуулиуд батлах
  • Авлигатай тэмцэх улс төрийн сонирхлыг бий болгох
  • Одоогийн хуулиудаа хэрэгжүүлэх гэжээ. 

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь олон нийтийн сүлжээг мэдээллийн гол эх сурвалжаа болгосон бөгөөд цахим сүлжээ, зурагт улс төрийн мэдээллийг хамгийн их өгдөг гэжээ. Мөн 55% нь худал ташаа мэдээлэл тарааж байгаа нь улсын асуудал гэж үзсэн байна. 

Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.