Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхболд: Наадмын амралтаар ухрах үйлдэл хийж буй машинд бага насны хүүхэд мөргүүлж, амиа алдсан осол гарсан

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 11-13-нд Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 675 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага хүлээн авсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Улаанбаатар хотод 18, орон нутагт долоон хүн гэмтжээ. Наадмын өдрүүдэд нийслэлд хүний амь нас хохироогүй. Харин орон нутгийн замд зургаан хүн амь насаа алдсан талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд хэллээ. 

Тэрбээр "Наадмын амралтаар ухрах үйлдэл хийж буй машинд бага насны хүүхэд мөргүүлж амиа алдсан харамсалтай осол гарсан. 

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд, жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө зам орчны аюулгүй байдлыг өөрийн биеэр шалгана хэмээн заасан байдаг. Уг дүрмийг мөрдөөгүйн улмаас бага насны хүүхэд амиа алдах эрсдэл нэмэгдэж байна. Энэ оны байдлаар дээрх шалтгааны улмаас таван хүүхэд осолджээ. Ялангуяа, урин дулаан улиралд хүүхдүүд машины ойролцоо тоглодог. Тиймээс хөдөлгөөн эхлэхээс өмнө автомашиныхаа эргэн тойрныг шалгах шаардлагатай. 

Түүнчлэн 2022 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхдийн амь нас хохирсон. Автомашинд зорчиж явахдаа эцэг эхчүүд өөрсдөө хамгаалах бүсээ зүүдэг ч хүүхдэдээ анхаардаггүй. Ялангуяа, хүүхдээ өвөр дээрээ аваад машиныхаа урд суудалд суух хандлага иргэдийн дунд бий. Осол гарсан тохиолдолд хүүхэд урд талын цонхыг мөргөж, шидэгдэх эрсдэлт нөхцөл үүсдэг. Тиймээс зориулалтын суудалд суулгаж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй" хэмээн хэллээ. 

Мөн үргэлжлүүлэн "Тээврийн цагдаагийн албанд ирж буй зам тээврийн ослын дуудлага мэдээллээс харахад 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг. Орон нутгийн замд ихэнхдээ автомашин онхолдох осол бүртгэгдэж байна. Баярын өдрүүдэд онхолдох хэлбэрээр хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Мөн орон нутагт машин мөргөлдөх хэлбэрээр нэг хүүхэд гэмтэж, таван хүний амь нас хохирчээ. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо

  • Урсгал сөрөх
  • Хурд хэтрүүлэх 
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч байна. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар мотоциклийн ослын улмаас 40 хүний амь нас хохирсон байна. Ихэнхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож, улмаар осолдож байна" гэв. 

Баяр наадмын өдрүүдэд эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр 63,000 автомашин орж, гарсан байна. Амралт зугаалгын улиралд орон нутаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрчимждэг. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа.