Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт өчигдөр орой жанжин Сүхбаатарын талбайд иргэдэд нээлттэй боллоо. Өмнө нь Соёлын Төв Өргөөнд болдог байсан уг тоглолтыг энэ жил анх удаа иргэд бүх нийтээрээ үзэж сонирхох боломжтой болгосныг Засгийн газраас мэдээлж байв.
Хүндэтгэлийн тоглолтод Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Улсын Драмын Эрдмийн Театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын нийт 550 уран бүтээлч оролцсон юм. Найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ.
Шадар сайд С.Амарсайхан "Монгол наадам нь монгол хүн бүрийн тархи, зүрхэнд туурга тусгаар улсын сүр хүч, сүлд хийморь, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, эрхт ардын эв нэгдэл хэмээх дархлааг гүн бат суулгаж өгдөг. Тийм ч учраас хоёр жилийн дараа бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэх гэж буй Монгол наадмаа бид энэ жил илүү гүн гүнзгий утга агуулгын дор нэгтгэн зохион байгуулахаар бэлтгэлээ.
Түүхт ойнууд таширлан давхацсан Үндэсний их баяр цэнгэл наадмынхаа соёл урлагийн үйл ажиллагаануудыг “Монгол бахархал” нэрийн дор эх хэл, өв соёл, хүн байгалийн хүйн холбоо, дөрвөн улирал, түүхэн уламжлал, монгол хүн, монгол үндэстэн, Монголын ирээдүй гэсэн агуулгын хүрээнд орчин үеийн технологийн дэвшилд нийцүүлсэн хөтөлбөр, найруулгаар зохион байгуулж байна" хэмээн онцолсон юм.
21:00 цагаас эхэлсэн концертын үеэр бороо асгарсан ч зарим үзэгч бэлэгшээжээ.
Тухайлбал "Улсын наадмын хүндэтгэлийн концерт “Уяхан замбуутивийн наран” дээр иртэл гэв гэнэт бороо асгарчихлаа. Уг нь тоглолт өнгөлөг, сүрлэг, үзэгчид тухлаг сайхан байлаа. Хувьтай хүн хур борооноор. Бас хувьтай хүн улсын наадам үзнэ гэдэг. Зориуд концертолж зориуд норж сайхан гүйлээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!