Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын тэтгэлэг амжилттай авсан Э.Дашхүү, А.Эмүжин нарын түүх

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурагчийн ширээнээс дөнгөж холдож буй төгсөгчдийн хувьд их, сургуульд элсэн суралцах ид завгүй үе нь одоо үргэлжилж байна. 

Гэхдээ зарим нь хэдийнээ гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн эзэд болжээ. Тэдний төлөөлөл болгож, энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй Э.Дашхүү, А.Эмүжин нартай ярилцлаа.

Э.Дашхүү Торонтогийн их сургуульд суралцахаар нийт 192,000 канад долларын тэтгэлэг авчээ. Харин А.Эмүжин АНУ, Канад улсын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрхтэй байсан ч амьдрах өртгийг нь бодолцон Австралид суралцахаар сонгосон талаараа хуваалцсан юм. 

Ирээдүйг түүчээлэх шинэ үеийн боловсон хүчин болохоор зорин тэмүүлж буй тэдний ярилцлагыг хүргэе.

Э.Дашхүү: Канадын сургуулиуд академик мэдлэг олгохдоо түлхүү анхаардаг нь суралцахаар сонгох нэг шалтгаан болсон

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу. Мөн авсан тэтгэлгийнхээ талаар хуваалцахыг хүсье?

- Сайн байна уу, намайг Э.Дашхүү гэдэг. "Absolute elite" сургуулийг энэ жил төгсөж байгаа. Би Канад улсын Торонтогийн их сургуульд суралцахаар тэнцсэн. Сургалтын төлбөрийн 75 хувийн тэтгэлэг авсан. Тус сургуульд санхүүгийн чиглэлээр суралцана. Тэр дундаа аналист буюу шинжээч болох хүсэлтэй байна. 

- Тэтгэлгийн талаарх мэдээллээ хаанаас авсан бэ?

- Миний авсан нь International scholar awards буюу сургуулийн өөрийнх нь тэтгэлэг. Энэ нь хоёр төрөлтэй. Эхнийх нь 100,000 канад доллар хүртэлх бол нөгөөх нь 180,000 канад доллар хүртэлх тэтгэлэг. Би сургууль руугаа нэгдүгээр сард элсэх хүсэлтээ явуулсан. Сарын дараа хариу ирэхдээ 12 мянган канад долларын тэтгэлэг өгсөн юм. Гэтэл миний дөрвөн жил сурах төлбөрийн хэмжээ 240,000 канад доллар. Үүнтэй харьцуулж үзвэл 12,000 бол бага дүн.

Иймээс тэтгэлгийн хэмжээгээ яаж нэмэх талаар судлахад Financial aid application гэж байсан юм. Бүртгэлийн хугацаа нь хараахан дуусаагүй байсан тул гэр бүлийнхээ санхүүгийн мэдээллийг хавсаргаж явуулахад, тэтгэлгийн хэмжээ нэмэгдэж, 100,000 канад доллар болгочихсон. Гэсэн хэдий ч сургалтын төлбөрийн үлдэх хэсэг нь их байсан. Манайх энгийн л амьдралтай гэр бүл. Тиймээс тэр хэмжээний төлбөрийг төлөхөд хүнд шүү дээ. Тиймээс сургуулийнхаа захиралтай ярилцахад сургууль руугаа дахин захидал явуулахыг зөвлөсөн юм. 

Захиагаа бичихдээ энэхүү тэтгэлгийг олгож байгаад талархлаа илэрхийлэхийн хамт үлдэгдэл төлбөрөө төлөхөд хүндрэл гарч байгаагаа бичсэн. Төлж чадахгүй байх нэг шалтгаанаа ханшийн зөрүүтэй холбосон л доо. Тус сургуульд сурах алтан боломжоо алдмааргүй байгаагаа ч тодорхой тусгасан. Үр дүнд нь 100,000 канад долларын тэтгэлгээ 180,000 болгож чадсан. Үүн дээр Entrance scholarship буюу элссэн хүүхдүүддээ олгодог 12,000 канад доллар нэмэгдээд, 192,000 канад доллар болж байгаа юм. 

- Захидал бичихдээ хэр хугацаа зарцуулсан бэ?

- Яаж бичих талаараа долоо хоног төлөвлөөд явж байсан. Тэгээд хоёр өдөр сууж бичсэндээ. 

- Яагаад Торонтогийн их сургуулийг сонгосон бэ?

- Би АНУ болон Канадын их сургуулиуд руу хүсэлтээ явуулсан. Дийлэнхдээ топ сургуулиуд руу элсэхээр өргөдөл гаргасан. Учир нь чансаа дундуур сургуулиуд руу илгээвэл элсэж орсон ч тэтгэлэг авах магадлал багатай санагдсан юм. Харин топ сургуулиудад тэнцэж чадвал гэр бүлийнх нь орлого хүрэхгүй бол тэтгэлэг олгодог. Тиймээс чансаа өндөр сургуулийг л "онилсон". Мөн Канадын сургуулиуд академик мэдлэг олгохдоо түлхүү анхаардаг нь сонгох нэг шалтгаан болсон. 

- Ерөнхий боловсролоо эзэмшээд шууд харь улсыг зорих гэж байна. Хэлний мэдлэгээ яаж сайжруулсан талаараа хуваалцвал?

- Системтэйгээр бэлдсэн. Би 10 дугаар ангидаа сургуульдаа шилжиж ирсэн юм. Тухайн үед гадаад багш нарын яриаг төдийлөн сайн ойлгодоггүй байлаа. Тиймээс хэлээ сайжруулахыг зорьж, аравдугаар ангидаа ерөнхий суурь түвшингээ дээшлүүлэхийн төлөө шамдсан. Харин 11 дүгээр ангидаа хэлний шалгалтдаа бэлдэж, 12 дугаар ангиа гадаадын их, дээд сургуульд элсэхэд бэлдсэн. 

- Өдөрт хэдэн цагийг зарцуулдаг байв?

- Хэлний түвшин тааруу үед бүтэн өдөржин суух үе ч байдаг. Давтах тусам л илүү сайжирсаар, хугацаа багассан.

- Хүмүүс өөрийн хэрэглээгээрээ дамжуулж хэлээ сайжруулах нь амархан гэдэг ч хүн бүрийн суралцах арга барил ондоо. Тэдгээрээс аль нь чамд илүү тохирсон бэ?

- Би кино үзэж эсвэл дуу сонсож хэлээ сайжруулаагүй. Материал ажиллаж сурдаг төрлийн хүн л дээ. Хэлний сургалтын төвд суралцсан, мөн подкастууд сонсож байсан.

- Тэтгэлэгт хөтөлбөр авахад голлох нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл нь хэр их нийгмийн идэвхтэй вэ гэх үзүүлэлт шиг санагддаг. Чиний хувьд сайн дурын ажилд хэр оролцдог байсан бэ?

- Энэ их чухал. Би элсэх өргөдөлдөө өмнө нь хийж байсан ажлуудаасаа онцлоод 6-7-г бичсэн. Миний хувьд фэйсбүүк дээрх сайн дурынхны групп дээр бичсэн зарын дагуу очиж, оролцдог байсан. 

А.Эмүжин: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа зунаасаа эхэлж бэлдээрэй. Цагийг нь тулгавал сэтгэл зүйд ч хүндрэлтэй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу. Ямар тэтгэлгүүд авсан талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

- Сайн байна уу, намайг А.Эмүжин гэдэг. "Absolute elite" сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Би Америк болон Канадын их сургуулиудаас тэтгэлэг авсан.

Гэхдээ Австрали улсад суралцахаар шийдээд материалаа илгээсэн байгаа. 

- Тэтгэлгүүдийн талаар танилцуулбал?

- Би Торонтогийн их сургуульд сэтгэл судлал болон худалдааны чиглэлээр суралцах 12,000 долларын тэтгэлэг авсан.

Мөн Миамигийн их сургуулиас 22,000 ам.долларын тэтгэлэг, Альбертогийн их сургуулиас тэтгэлэг аваад байгаа. 

- АНУ, Канадын хэд хэдэн сургуулиас тэтгэлэг авсан хэр нь яагаад Австралид суралцахаар сонгосон бэ?

- Австралид гурван жил суралцах юм. Энэ улсыг сонгосон шалтгаан нь амьдрах зардал нь арай бага санагдсан. Мөн суралцахынхаа хажуугаар ажиллах боломжтой.

Австралид эхний жилдээ сайн суралцаж, дундаж дүнгээ дээгүүр гаргаж чадвал хоёр дахь жилээсээ тэтгэлэгт хамрагдах боломжтой болох юм.

Гэхдээ би одоогоор Санхүү Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС)-ийн 2+2 хөтөлбөрт бүртгүүлсэн. 

- Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг хаанаас авч байсан бэ?

- АНУ-ын сургуулиудад суралцахаар сонирхсон хүмүүст зориулсан өргөдлөө илгээх боломжтой сайт бий. Түүгээр дамжуулж материалаа илгээж байсан. Харин Торонто, Австралийн их сургуулиудын өөрийнх нь сайт руу хандах ёстой болдог.

- Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах, бэлдэхдээ хэр хугацааг зарцуулсан бэ?

- Би 12 дугаар ангидаа есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл бэлдсэн. Гэхдээ оройтсон юм шиг санагдсан шүү.

Бусдадаа хандаж хэлэхэд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа зунаасаа эхэлж бэлдээрэй. Цагийг нь тулгавал сэтгэл зүйд ч хүндрэлтэй. Тиймээс эртнээс хөтөлбөрүүд болон суралцах улс орныхоо талаар мэдээллээ цуглуулж байгаарай гэж хэлмээр байна.

Сургуульд элсэх, тэтгэлгийн материал бүрдүүлэхэд нийтдээ 3-4 сарын хугацаа шаардана. Гэхдээ энэ хугацаа бага санагдсан.

- Хэлний түвшингээ яаж сайжруулсан талаар зөвлөвөл?

- Би өмнө нь орос сургуульд сурч байсан. Орос хэлний зэрэгцээ англи хэлээ үздэг байсан.

Орчин маш чухал санагдсан. Би 11 дүгээр ангидаа энэ сургуульдаа элссэн юм. Тэр үед ангийнхан маань SAT, IELTS-ын материал дээр ажиллаад эхэлчихсэн байв. Тэгээд л хичээхгүй юм бол хоцрох нь гэж бодоод өөрийгөө их дайчилсан. 

Сургалтад суухын зэрэгцээ утсаараа унших мэдээллүүдээ англи хэл дээр хүлээн авах гэх мэтээр алхам алхмаар өөрчлөөд, хичээх хэрэгтэй санагдсан.

- СЭЗИС-д элссэн гэхээр Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа өгсөн байх нь. Шалгалтыг зохион байгуулалт, авсан оноондоо хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

- Шалгалтын зохион байгуулалт маш сайн байсан. Үүдээр нь ороход л шалгалтын байрны багш, ажилтнууд бидэнд амжилт хүсэж байсан. Зан харилцаа нь тун эерэг сайхан байсан. Харин харандаа баллуур бага зэрэг асуудалтай санагдсан шүү. 

Би ЭЕШ-д авсан оноондоо тун сэтгэл хангалуун байгаа.

- Танай үеийнхэн КОВИД-19 цар тахлын үед танхимын сургалтаас бараг хоёр жил хол байлаа. Цахимаар хичээлээ үзэхэд хүндрэлтэй тал нь юу байсан бэ?

- Карантины үед цахимаар хичээллэхэд ямар ч хүндрэл байгаагүй.

Харин хичээлээс гадуур сайн дурын үйл ажил хийх боломжгүй болсон нь хамгийн том хүндрэл байв. Иймээс зуны хоёр сар хүүхдүүдэд англи хэлний сургалт орох, инстаграм хаягаар хэрэгтэй мэдээлэл өгөх зэргээр ажилласан.