Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн нөхөн болон дахин сонгуульд МАН-аас 49, АН-аас 37 нэр дэвшигч өрсөлдөв

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр 07:00-20:00 цагт Монгол Улсын 15 аймгийн 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт явагдлаа.

Хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг явуулахад 403 сонгогч санал өгчээ.

Санал авах байруудад нам болон нэр дэвшигчдийн сонгуулийн ажиглагчаар 274 хүн (МАН-123, АН-91, бие даан нэр дэвшигчдээс 60) ажиллаж, сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглав.

Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд нийт 94 нэр дэвшигч буюу Монгол Ардын Намаас 49, Ардчилсан Намаас 37, Бие даан нэр дэвшигч 8 өрсөлджээ.

Нөхөн болон дахин сонгуулийн дүнг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод бүрэн эрхийн хүрээнд сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 7 хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалттай хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.