ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд монгол уран бүтээлчдийн 56 бүтээл шалгарч, олны мэлмийд хүрч байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн зургаадугаар сарын 4-нд албан ёсны нээлтээ хийлээ. 

Нээлтийн энэ өдөр 5,000 үзэгч хүрэлцэн иржээ.

Европтоо нэр хүндтэй, томоохон олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3,000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 240 уран бүтээлчдийн 1,000 орчим бүтээлүүд аравдугаар сарын 9-н хүртэл толилуулагдана.

НордАрт 2015, 2016, 2019 онуудад Монголын урлагийн бүтээлүүдийг томоохон тайзнаа толилуулсан. Энэ жил тусгай төслийн хүрээнд “Завсар орон зай” павильон нь түүхэн барилга болох АСО Wagenremise төдийгүй Карлсхютте төв үзэсгэлэнгийн орон зайд нийт 1,500 мкв талбайд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 18 уран бүтээлчдийн 56 бүтээлээр олны мэлмийг баясгана.
зураг
 

Монголын павильоны куратораар Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, ко-куратораар Ц.Солонго нар ажиллаж байна. Дэлхийн урлагийн тайзнаа өөрийн байр сууриа хэдийнээ олсон, нэр хүндтэй, ХБНГУ-д ажиллаж амьдардаг авангард уран бүтээлч ҮНЭН ЭНХ, Төрийн соёрхолт До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж, А.Очирболд нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхаарлын төвд байна.

Хүрэлцэн ирсэн манай уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдийг Монголын павильон руу тасралтгүй хөврөх зочдод танилцуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн үнэхээр бахархмаар сайхан дүр зураг байлаа.

Нээлтийн ажиллагаанд Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Б.Мандахбилэг, Хамбург хот дахь Польшийн ерөнхий консул Павел Яворски, ХБНГУ-д суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны соёл урлагийн асуудал хариуцсан элчин зөвлөх Чен Жианян, хотын захирагч, Хамбург дахь Монгол Улсын консул ноён Райнхард Штудт зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид уригдан ирсэн бөгөөд уг арга хэмжээнд оролцож буй орнуудын уран бүтээлчдийг төлөөлж үг хэллээ.

Күнстверк Карлсхютте-н эзэд, гол ивээн тэтгэгчид, хост ноён Ханс-Юлиус ба хатагтай Йоханна Алманн НордАртыг нээж үг хэлэхдээ уг арга хэмжээг олон улсын уран бүтээлчдийн оюун санааны солилцооны төв цэг нэгэнт болсныг дурдав. Сонгогдсон монгол уран бүтээлчид нүүдэлчний уламжлалыг, орчин үетэй хослуулан гайхалтай өвөрмөц хэв маягаар илэрхийлсэн нь Монголын орчин үеийн урлаг гүн гүнзгий сэтгэгдэл дахин төрүүлсээр байгааг онцоллоо.

зураг
 

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Мандахбилэг үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр “Монгол Улс 1990 оноос хойш үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан жинхэнэ парламентын засаглалтай ардчилсан орон. Урлагийн эрх чөлөөг бүрэн утгаараа хэрэгждэгийн нэг нотолгоо нь ялангуяа манай залуу уран бүтээлчид НордАрт-д тогтвортой оролцдог явдал юм.

Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд 2015 оноос хойш 106 Монгол уран бүтээлч, дүрслэх урлагийн олон төрөл жанрын 310 орчим бүтээлийг европын урлагийн зах зээлд танилцуулжээ. НордАрт нь манай хоёр улсын соёл, урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаанд чухал ач холбогдол үзүүлж буй гүүр гэдэг нь дамжиггүй” хэмээв. Тэрбээр Монголын нэн орчин үеийн дүрслэх урлагийг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй НордАртын зохион байгуулагчдад онцгойлон талархлаа илэрхийлэв.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг