Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Ажилгүй хүний тоо өссөөр байна

Р.Оюун, iKon.mn
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Энэ оны эхний улирлын байдлаар 104,400 иргэн ажилгүй байгаа нь өмнө оны эхний улирлаас 3,200, өнгөрсөн он буюу 2021 оны сүүлийн гурван сараас 5,000-аар нэмэгдээд байна. 

Манай улсад ажилгүйдлийн түвшин 8.5% байгаа бол 15-24 насныхны ажилгүйдлийн түвшин 17.8 хувьтай буюу энэ насны 18,600 хүн ажилгүй байгаа талаар Үндэсний Статистикийн хорооны тайланд дурджээ. 

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас олон арга хэмжээ авсан ч ажлын байрыг дэмжиж чадаагүйг нотлох олон тоо баримт байна.

Тухайлбал, Монгол Улсад бүртгэлтэй 178 мянган аж ахуйн нэгж байдаг. 2021 оны арваннэгдүгээр сард ҮСХ-той хамтран хийсэн судалгаагаар урьдчилсан байдлаар 56 мянган компани ажиллаж байна гэдэг тоо гарсан талаар МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин хэлж байв. Тэгэхээр 120,000 гаруй компанийн нөхцөл байдал хүндэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэж ойлгож болно. Ажиллаж байгаа 56 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бүгд хэвийн гэсэн үг биш.

Нэг бизнесмэн дампуурч, тэр орон зайг нөхөх хэмжээний шинэ бизнесмэн гарч ирж, бойжтолоо дор хаяж 2-3 жил болдог гэхээр маш их боломжийг манай улс цар тахлаар алдаж, үгүй хийсэн гэсэн үг. Үүний цаана ажилгүй болсон иргэд хамгийн том асуудал юм. 

Ажилгүйдлийг бүрэн илэрхийлэхгүй ч үндсэн ажилтнаас ажилгүй болсон хүмүүсийн тоог баримжаалах бас нэг үзүүлэлт нь Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдсан хүн болон зарцуулсан мөнгөн дүн байдаг. 

Үндэсний статистикийн хорооны тайлангаас 2019 оны нэгдүгээр сараас хойш Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоог харвал 2021 оны нэг болон есдүгээр сард хамгийн олон хүн уг тэтгэмжид хамрагджээ.

Оны нийлбэр дүнгээр нь тооцвол 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 23,033 хүн 43.6 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан бол 2020 оны мөн хугацаанд 21,374 хүн 50.2 тэрбум, 2021 онд 26,145 хүн 57 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ. 

Ажилгүй хүмүүсийн 68.2% нь өмнө нь хөдөлмөр эрхэлж байжээ. Ажилгүй иргэдийн шалтгааныг харвал:

Шалтгаан 2020 2021-IV 2022-I
Бүгд 87,696 99,393 104,436
Байгууллага татан буугдсан 1,044 852 1,145
Цомхотголд орсон 3,182 1,230 1,711
Улирлын чанартай ажил хийдэг болохоор 7,310 4,950 8,680
Ажил хайгаад олдохгүй байгаа 41,007 34,368 27,064
Ажиллах сонирхолгүй байсан 255 1,427 1,930
Үүсээд байгаа цар тахлын улмаас 4,209 11,860 10,357

Ажлын байрыг хамгаалах нь яагаад чухал вэ?

Ажилчид ажилгүй болоход тэдний гэр бүл цалин орлогоо алддаг. Энэ нь том зургаараа эдийн засагт дэмжлэг болох байсан боломжийг алддаг. Бүтээгдэх байсан бараа үйлчилгээ үгүй болдог. Ажилгүй болсон хүн худалдан авах чадваргүй болж, энэ нь бусад ажилтнуудад эдийн засгаараа дамжин шаталсан нөлөө үзүүлдэг. Тодруулбал, хэрэглээгээр дамжин эдийн засаг томорч тэлж байдаг. Тиймээс өрхийн хэрэглээ ДНБ-д чухал үзүүлэлтэд тооцогддог. Харин ажилгүй болсон иргэд орлого нь тогтмол биш болохоор хэрэглээгээ бууруулдаг. Энэ замаар ажилгүйчүүд одоо ч ажиллаж байгаа хүмүүстээ сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. 

Компаниуд зардлаа танахдаа ихэвчлэн ажиллах хүчнээ цөөлдөг. Ийнхүү цомхтгол явагдсаны дараа үлдсэн ажилчид нь тэр бүх ажлыг нугалах ба ямар нэгэн нөхөн олговор, илүү цагийн мөнгө авах магадлал маш бага. 

Ажилгүйдлийн бас нэг сөрөг тал нь одоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн сэтгэцийн байдалд нөлөөлдөг гэж үздэг. Учир нь үлдсэн хүмүүс ажлын байраа алдахаас санаа зовж эсвэл өөр ажил хайхаас эргэлзэх хандлагатай байдаг. Түүгээр зогсохгүй хамтран ажиллагч нь ажилгүй болсонд өөрөө буруутай мэт гэмших мэдрэмж хүртэл бий болдог байна. 

Яг ийм нөхцөлд инфляц буюу үнийн өсөлт өндөр байгаа нь өрхүүдэд маш том дарамт болдгийг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хороо тайлбарласан байдаг.

Иймээс эдийн засгийг дэмжих нэг том хөшүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлж чадахгүй ч байгаа ажлын байрыг хадгалахыг чухалчилж тооцдог билээ.