Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдэд хилийн хориг тавих санал шүүхэд хүргүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна. 

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татаад буй. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шийдвэрлэхээр болжээ.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью Си Эс” компанид зээл олгосон асуудалд яллагдагчаар татсан. Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжээс хахууль авч, түүнийгээ орон сууц болгон мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцоод буй билээ. Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулж, бусдад буюу Х.Ганхуягийн хамаарал бүхий хүний эзэмшлийн “Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.