Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, хуулийн хүрээнд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардуулдаг.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах зарлиг гарчээ.
Ерөнхийлөгч өчигдөр Баянзүрх дүүргийн 1,200 орчим ээжид алдарт эхийн одонг гардуулж өгсөн бол өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт оршин суудаг ээжүүдэд одонг нь зүүж өглөө.
Даваа гарагт буюу тавдугаар сарын 30-нд Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Мягмар гарагт буюу тавдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн ээжүүд алдарт эхийн одонгоо Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс авах юм байна.
Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой ээжид жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой ээжид 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал, тэтгэмж олгодог.
Ээжүүд одонгоо авсны дараа нийгмийн халамжийн www.ehalamj.mn эсвэл www.e-mongolia.mn системээр дамжуулан урамшуулал, тэтгэмжийн хүсэлтээ бүртгүүлэх боломжтой.
Өнөөдөр алдарт эхийн одонгоо авсан ээжүүдийн баярт мөчөөс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!