Цагаан толгойн А-Я хүртэлх 35 үсгээ сурснаар бичиж, үг холбон уншиж, 100-гийн дотор нэмж, хасах бодлого бодох аргыг эзэмшиж чадсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн 280 гаруй сурагч сурсан эрдмээ эцэг, эх асран хамгаалагч нартаа өнөөдөр тайлагналаа.
Цар тахлын улмаас цэцэрлэгт явж чадаагүй ч эрдмийн их өргөө рүү орсон тэд уншиж, бичиж, бодож сурчээ.
Эрдмийн баярын үеэр тус сургуулийн Бага боловсрол хариуцсан менежер З.Жаргалсайхан "Нэгдүгээр ангийн долоон бүлгийн 280 гаруй сурагч уншиж, бичиж, бодож сурсан эрдмээ эцэг, эх, асран хамгаалагчид багшдаа тайлагналаа. Энэ хичээлийн жилд хэдийгээр цар тахалтай байсан ч зургаан настай бяцхан сурагчид минь 100 хувь уншиж, бичиж, бодож сурлаа.
Энэ жил тайланч уншлага өдөрлөгийг гурван үе шаттайгаар зохион байгууллаа. Ингэснээр сурагчид сурсан зүйлээ эцэг, эхчүүдэдээ тайлагнаж, багш нар заах арга, ур чадвараа байнга дээшлүүлж ирлээ.
Эрдмийн баярын энэ өдөр "Алдаагүй бичигтэн", "Цэвэр бичигтэн", Уншлагын болон тооны аварга ангиудаа шалгарууллаа. Бяцхан шавь, хүүхдүүдээ хугацаанд нь уншуулж, бичүүлж сургасан багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье" гэв.
"Цэвэр бичигтэн" ангиар шалгарсан нэгдүгээр ангийн багш Э.Тунгалаг "Боловсролын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Тав дахь үеийн нэгдүгээр ангийн шавь нараа төгсгөж байна. Энэ удаагийн шавь нар маань цар тахлын улмаас цэцэрлэгт яваагүй орж ирсэн. Манай анги 39 хүүхэдтэй. Цэцэрлэгт яваагүй хүүхдүүдийг сууж сургах, багшийн зааж буйг анхааралтай сонсож сургах зэрэг нэлээн ачаалалтай байлаа.
Хичээлийн жилийн эхний улиралд хүүхдүүд цахимаар хичээллэж байгаад өвөл танхимаар хичээллэх үед идэвх сайжирч амжилттай уншиж, бичиж, бодож сурлаа. Эцэг эхчүүдийн хандлага нэлээд өөрчлөгдөж, хүүхдүүддээ анхаарал маш сайн тавьдаг болсон байна. Ингэснээр багштай гар нийлж ажилладаг болсон нь авууштай сайн чанар юм.
Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд сэтгэхүй болон гарын жижиг булчинг хөгжүүлэх дасгал, даалгавруудыг илүү хийж сургавал амжилттай бичиж сурдаг. Гарын жижиг булчинг хөгжүүлэх дасгал болох будаа түүлгэх, савх барих, хувцсаа товчлох, гутлаа үдэх зэрэг ажлуудыг хийж сургах хэрэгтэй.
Бяцхан шавь нар минь улам сайн хичээгээрэй, мундаг хүүхдүүд болоорой сурлагын өндөр амжилт хүсье" хэмээн ярилаа.
Сурагч М.Монголжин: Сургуульд ороод зөндөө хичээл сурсан. Цэцэрлэгт явснаас сургуульд явах нь гоё байна. Математикийн хичээлдээ хамгийн дуртай, 100-гийн дотор цээжээрээ нэмж, хасаж боддог. Дуучин болно гэж боддог.
М.Есүй: Сургуульд орох гоё байна. Уншиж, бичиж, бодож сурсан. Олон найзтай боллоо. Багшдаа, ангийнхандаа хайртай. Том болоод шүдний эмч болно.
Г.Анар: Сургуульд сурах үнэхээр гоё, эрдэм сураад, бас үсэглэлийн баяр болох гоё байна. Монгол хэлний хичээлдээ дуртай, хөлбөмбөгчин болно.
Т.Төгөлдөр: Үсэглэлийн баяр болоод сургуульд орох гоё байна. Үеэр тасалж бичиж, тоо бодож, уншиж сурлаа. Том болоод цагдаа болно.
Сургуулийн цэвэр бичгийн аварга болсон сурагч М.Анарцэцэг: Сургуульд ороод дүрслэх, урлаг, математикийн хичээл сурлаа, бас уншиж, бодож, бичдэг болсон. Хичээлээ давтаж хуулан бичиг их хийдэг. Эмч болно.
Зургаан настнууд эрдмийн баяраараа сурсан зүйлээсээ гадна дуулж, бүжиглэж, уран уншиж, багш, эцэг эх асран хамгаалагчдадаа авьяасаа үзүүлж бэлэг барьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!