Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч тангараг өргөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Солонгос Улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч өнөөдөр тангараг өргөж, таван жилийн хугацаатай үүрэгт ажилдаа орлоо.

Ерөнхий прокурорын албыг өмнө нь хашиж байсан консерватив ерөнхийлөгч Юн Сүк Ёл хэлсэн үгэндээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд нээлттэй хандахаа илэрхийлж, хэрвээ яриа хэлэлцээ үр дүнд хүрвэл Умард Солонгосын эдийн засгийг хүчирхэгжүүлэх “зоригтой төлөвлөгөө”-г олон улсын хамтын нийгэмлэгийн хамт боловсруулж, танилцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Юн Сүк Ёл өнгөрсөн шөнө дунд Өмнөд Солонгосын 555,000 бие бүрэлдэхүүнтэй армийн илтгэлийг хүлээж авснаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлж авсан юм.

Илтгэлийн үеэр тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн Вон Ин Чул удирдагч Ким Жон Ун тушаал өгвөл Умард Солонгосын дэглэм цөмийн туршилт эхлэхэд бэлэн байгааг энэ үеэр мэдэгджээ.

Ерөнхийлөгч хариуд нь Солонгосын хойгийн нөхцөл байдал хүнд хэцүү байгаа энэ үед зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг өндөр түвшинд хангах даалгаврыг командлагч нарт өгсөн байна.

Юн Сүк Ёлын хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр Умард Солонгосын дэглэмтэй хатуу байр сууринаас харьцахаа амлаж байсан юм.

Гэхдээ тэр тангараг өргөх үедээ харьцангуй зөөлөн үг хэллэг хэрэглэсэн нь Пёньяны эрх баригчид цөмийн зэвсэг туршихаас болгоомжилсных байх гэж ажиглагчид дүгнэж байна.

зураг
 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бас Америк, Хятадын дунд тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлэх, хүчирхэг хөрш Япон улстай харилцаагаа сайжруулах, цар тахлын дараах улс орныхоо эдийн засгийг сэргээх зэрэг хүнд хэцүү ажлууд хүлээж байгаа.

Түүнийг 1980-аад оноос хойш сонгогдсон ерөнхийлөгч нарын дундаас хамгийн хэцүү цаг үед улс орныг хүлээж авч буй удирдагч гэж судлаачид үзэж байна.

Одоо 61 настай Юн Сүк Ёлын сонгуулийн дараа гаргасан шийдвэрүүд Өмнөд Солонгосын олон нийтээс нэлээд шүүмжлэл хүлээсэн юм. Тухайлбал тэр ерөнхийлөгчийн албан ёсны өргөөг Хөх ордноос гаргаж, батлан хамгаалах яамны байранд шилжүүлсэн. Мөн засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ хэд хэдэн маргаантай томилгоо хийж байв.

Одоо шинэ ерөнхийлөгчийн улс төрийн байр суурьт зургаадугаар сарын 1-ний өдөр болох орон нутгийн сонгууль чухал нөлөө үзүүлнэ.

Парламентад олонх болдог сөрөг хүчний либералууд энэ сонгуульд ялалт байгуулбал Юн Сүк Ёлын бодлого хэрэгжихэд нэлээд саад бэрхшээл бий болох юм.

 

Эх сурвалж: Associated Press