Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮН нам Баруун төвийн үзэл баримтлалтай нам боллоо

ikon.mn
2022 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

-ХҮН нам ээлжит бус Их хурлаараа хэлэлцсэн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл зэргээс баруун төвийн байр суурь тодорхой харагдаж байна- 

УИХ-ын чуулганаар МАН-ын “социал-демократууд” төсвийн тодотголоор гэр хороололд жорлон барина гэж зүтгэсэн өдрүүдэд ХҮН нам ээлжит бус Их хурлаараа “Эрхэм зорилго”, “Үйл ажиллагааны зарчим”, “Намын үзэл баримтлал”, “Мөрийн хөтөлбөр” болон “Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл”-ээ хэлэлцэж байна. ХҮН нам 1.Бизнесийн сайн орчин; 2. Төрөлжсөн хүчирхэг эдийн засаг; 3. Хүнд зориулсан боловсрол, эрүүл мэнд; 4. Нээлттэй, цомхон, хүчтэй төр; 5. Эрчим хүчний хараат бус байдал; 6. Хуулийн засаглал; 7. Шинэ цаг үеэ дэмжих; 8. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл; 9. Гадаадад суугаа иргэд бол хөгжлийн нөөц; 10. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг мөрийн хөтөлбөрийнхөө гол чиглэлээр зарлав. ХҮН нам баруун төвийн нам боллоо.  

Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын бодлого нэгд, хүний эрх, эрх чөлөөг; хоёрт, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг; гуравт, хуулийн өмнө хүн бүрийн тэгш эрхийг; дөрөвт, улс төрийн эрх чөлөөг юун түрүүнд хангах учиртай. Гэвч өнгөрсөн 30 гаран жилд гэрт гадаагүй ярьсан АН амьдрал болгосон нь үгүй. Ерээд онд монголчууд АН-ыг итгэл сэтгэлээрээ дэмжсэн. Түүнээс хойш иргэд АН-д төрийн эрх мэдлийг атгуулсан ч үзэл бодлын нэгдэл бус албан тушаал хөөж, хувийн сонирхолдоо дөрлүүлсэн бүлэглэл гэдэг нь тодорхой болчхоод байна. Үүний уршгаар МАН дангаар ноёрхож, төр данхайж, хувийн хэвшлийг боомилон, халамжийн засаглал тогтоосноор улс үндэстний ирээдүйд аюул учирлаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганаас иргэд үүнийг тодорхой харсан. Социал-демократ үзлээр бамбай хийн төсвөөр сонгогчдын саналыг худалдан авах, хувьдаа ашиг хийх бусармаг явдлыг хазаарлахгүй аваас Монгол Улс хүний идэш болох хатуу цаг иржээ.  

Эдийн засгийн хямрал, дэлхийн геополитик Монгол Улсаас ухаалаг, шийдэмгий, зоримог алхам шаардаж байна. ХҮН нам нөхцөл байдлын захиалгаар үзэл баримтлалаа шинэчлэн батлав. Одоо үүнийгээ таниулан сурталчлах, сахин хамгаалах, тууштай мөрдөх, үйл хэрэгт урвуулах хариуцлага үүрнэ. 2024 оны сонгуулиар удаах сорилттойгоо тулна. ХҮН нам бүх сонгуульд дээрх 10 чиглэлээрээ мөрөө хөтөлбөрөө боловсруулж таарна. Юун түрүүнд бизнес хийх, хөрөнгө оруулах орчныг дэмжиж, төрийн өмчит компаниудын засаглалыг өөрчлөн авлига, хулгайгаас нь салгах ёстой. Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг жинхэнэ эздэд нь хүргэж, зээлийн хүүг бууруулах хойшлуулшгүй шаардлага байна. Эдийн засгаа уул уурхайгаар хязгаарлалгүй салбарлуулж, хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Хамарт тулсан гол ажил нь Монгол төрийг нээлттэй, цомхон бөгөөд хүчтэй болгохын сацуу хууль засагладаг болгох учиртай. Гол нь ХҮН намын УЗ-ийн дарга Б.Найдалаагийн хэлснээр “ХҮН нам бол Ардын намын ч, Ардчилсан намын ч эсрэг нам биш. Хүн нам бол асуудлын эсрэг нам” гэдгээ харуулах ёстой.

УИХ-ын чуулган дээр ийм энгийн, эрүүл саруул санал гаргасан гишүүн Т.Доржханд ганцаардан бачимдахад иргэд, тэр дотроо залуус уухайлан дэмжсэн. МАН-ын засаглалаас хөгжил байтугай, хэмнэлт ч горьдох хэрэггүйг сонгогчид өнгөрсөн өдрүүдэд голдоо ортол ухаарлаа. УИХ-д бүлэгтэй “гэх” АН-ын үнэн төрхийг ч харсан. Гуравдагч улс төрийн хүчин ХҮН намын ээлжит бус Их хурлаас тусгаар тогтносон, хүчирхэг Монголыг бүтээх үзэл баримтлал, үнэт зүйл, зарчим, мөрийн хөтөлбөр хүлээж байна.