Улсын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг шаардаж, эцэг эхчүүдийн төлөөлөл тайван жагсаал зохион байгуулав.
Жагсаалд оролцож буй ээжүүдийн төлөөлөл “Би цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ айлд гуйж үлдээх эсвэл хажуудаа суулгаад аваад явдаг. Том хүүхдээ би өмнө нь хувийн цэцэрлэгт өгч үзсэн. Гэхдээ хувийн цэцэрлэгүүд үнэхээр төлбөрийг нь төлөхөд үнэхээр хүнд байдаг.
Бид сугалаад цэцэрлэгт орж чадаагүй хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөхөд цалингаасаа хэдэн хувийг нь татварт өгч, дээрээс нь хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлөөд амьдрах боломжгүй.
Тиймээс бага хүүхдээ заавал улсын цэцэрлэгт явуулахаар шийдэж, өнгөрсөн сард болсон сугалаанд бүртгүүлсэн ч орж чадаагүй. Ингэхээр эмэгтэйчүүдийн ажил хийх гэж байсан зорилго үгүй болж байна” гэв.
Ээжүүдийн төлөөлөл “Манай улсад цэцэрлэгийн хүртээмж асар муу байна. Санхүүгийн боломжтой хүмүүс нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгчхөж байгаа байх. Гэтэл хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх санхүүгийн боломжгүй олон хүн бий. Иймд төр засаг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахыг шаардаж энэ жагсаалд нэгдэж байна.
Манайд цэцэрлэгийн насны хоёр хүүхэд бий. Нэг нь цэцэрлэгт явдаг. Гэхдээ өнөөдөр хүүхэд нь улсын цэцэрлэгт эсвэл хувийн цэцэрлэгт явдаг, явдаггүйгээс үл хамааран бүх эцэг эх энэ жагсаалд явах ёстой гэж бодож байна.
Жишээлбэл, Нарны хороололд байдаг 100 дугаар цэцэрлэгт хоёр настай 160 гаруй хүүхэд бүртгүүлснээс 25 хүүхэд л элсэх боломжтой байгаа юм. Энэ бол зөвхөн тус цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хоёр настнуудын тоо. Тэгэхээр цаана нь хэчнээн хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа бол. Энэ бол нийгмийн үнэхээр том асуудал гэдгийг ойлгох ёстой. Ийм асуудлыг залуучууд маань мэдрэмтгий хүлээж авдаг байгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Иргэн “Гэртээ үлдэж байгаа хүүхдүүд бусад хүүхдүүдийн адилаар нийгэмшиж, хөгжих эрхтэй. Зарим эцэг эх хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөхийг илүүд үздэг. Гэтэл заримд нь хувийн цэцэрлэг хайгаад ч олдохгүй тохиолдол олон бий.
Улсын цэцэрлэг бүх хүүхдэд нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэр цоожлогдоод үлдсэний улмаас бодохоос ч харамсмаар үйл явдал олон гарсан.
Энд ийм жагсаал болж байгааг мэдвэл эцэг, эхчүүд нэгдэхийг уриалж байна. Хүүхдүүдийнхээ төлөө бид л дуу хоолойгоор хүргэхгүй бол хэн ч сонсохгүй. Бид улсын цэцэрлэг барьж чадахгүй. Гэхдээ ядаж барьж өгөхийг төр засгаас шаардах ёстой” гэлээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!