Монгол Улсад Украины 90 гаруй иргэн амьдарч байгаа аж.
Эдгээр иргэний болон Украинд их, дээд сургууль төгссөн монгол иргэдийн төлөөлөл хамтдаа "The Beatles"-ийн хөшөөний дэргэд үзэл бодлоо илэрхийлэн жагслаа.
Украинд төгсөгч Т.Баярмагнай "Бид дайныг эсэргүүцэх хэрэгтэй. Энэ бол хэнд ч хэрэггүй. Дайнаар асуудлыг шийддэг цаг хэзээний өнгөрсөн" гэсэн юм.
Мөн Украины иргэн Игорь тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар "Дайн 2014 онд Крымийн хойгийг эзэлж авснаас эхтэй. Цаашлаад Донбасс руу түрэмгийлсэн. Энэ найман жилийн хугацаанд 15,000 гаруй украин хүн амиа алдсан. Үргэлжлэл нь одоо болж буй үйл явдал.
Жирийн энх тайван байсан хотуудыг бөмбөгдөж байна. Манай аав, эгч, гэр бүл нь шөнө бүр зоорийн давхарт хоргодож, зугтаж хонож байна. Түгшүүрийн дохио байнга хангинаж байгаа" хэмээв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш чухал. Та бүхэн бүх талын эх үүсвэрээс мэдээлнэ үү. Барууны болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгслээс эх сурвалж аван мэдээлэхийг хүсье. Монголын ард түмэн бол мэргэн ухаантай. Монголчууд бидэнд маш сайхан хандаж байгаа" хэмээв.
Жагсаал маргааш Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайд болох юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!