Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит компаниудыг Хөгжлийн Банкнаас авсан НЭГ ИХ НАЯД орчим төгрөгийг яаралтай төлөх үүрэг өгчээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын Лхагва гарагт болсон ээлжит хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой шийдвэрүүд гарав.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгд дөхөх хэмжээний үнийн дүнтэй байгаа.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хариуцсан яамд, сайдууд идэвхтэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан Төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгчээ. Цаашид төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас зээл авдаг, үр өгөөжгүй зарцуулдаг, эрсдэлгүй мэт ханддаг энэ асуудалд анхаарах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.

Хүснэгт. Хөгжлийн банкны танилцуулсан зээлүүдэд дурдагдсан Төрийн Өмчит Компаниуд

Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн Зээлийн үлдэгдэл Нийт үлдэгдэл Нийт үлдэгдэл
        (тухайн валютаар) (тухайн валютаар) (тухайн валютаар) (төгрөгөөр)
1 МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК 4.26.2018 MNT 158,744,844,711 158,744,844,711 203,782,866,176 203,782,866,176
2 ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК 10.28.2021 CNY 44,216,836 44,216,836 44,244,565 19,812,716,386
3 МИАТ ТӨХК 6.30.2017 JPY 1,275,730,695 647,673,782 648,339,201 15,975,077,906
4 ДЦС-4 ТӨХК 7.20.2018 EUR 76,641,251 75,056,996 77,067,380 244,484,704,307
5 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 5.28.2015 USD 50,000,000 29,134,792 41,601,529 118,543,557,769
6 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 2.5.2016 MNT 19,254,778,631 19,254,778,631 25,649,932,438 25,649,932,438
7 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 5.28.2015 MNT 83,587,839,898 73,587,839,898 96,651,553,645 96,651,553,645
8 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 10.2.2013 MNT 84,700,000,000 69,105,793,577 74,887,806,099 74,887,806,099
9 ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК 2.12.2014 MNT 177,845,787,591 141,367,533,470 151,276,992,912 151,276,992,912
10 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 1.30.2014 USD 14,816,251 14,816,251 16,096,828 45,867,910,816
Нийт             996,933,118,454

Хөгжлийн Банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг. Харин үүнээс 55.4% буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлдэгчдийн гарт орсон байгаа юм. 

Энэ талаар нэгдүгээр сарын 31-нд зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Цаашид эргэн төлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банканд өгсөн байна.

Тус банкнаас зээл авсан 2 цементийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа. Энэ жил 2 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр шалгарсан байгууллагууд дээрх 2 цементийн үйлдвэрээс цемент авч, төлбөрийг нь Хөгжлийн банканд тушааж, зээлээс нь хасаж, чанаргүй зээлүүдийг бууруулах зэрэг өөр ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлж болох талаар судлахыг Ерөнхий сайд чиглэл болгожээ.

Хөгжлийн банкнаас "Хөтөл" ХХК, “Кью Эс Си” ХХК-д олгогдсон зээлийн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад оролцсон байдаг. Хөгжлийн банк улсын мэдлийн банк учраас улсын мөнгөөр үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан хэмээн Засгийн газар үзэж, авлагаа харилцан суутгах замаар төлбөр тооцоог барагдуулж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах процессыг бүрэн дуусгах бодлогыг Засгийн газар давхар баримталж байгааг хэллээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкны хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хамгийн том дэвшил нь төв банк хяналт, шалгалт хийдэг болсноор хяналт, шалгалт илүү сайжирсан хэмээн үзэж байна. Учир нь 2017 оноос өмнө Засгийн газар өөрийн аудитын байгууллагаар шалгуулдаг буюу өөрөө өөрийгөө шалгах зохисгүй хэлбэртэй байж иржээ.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа бөгөөд тус ТУЗ-д төрийн албанаас болон хараат бус гишүүд томилогддог. Шинэ бүрэлдэхүүнийг хуулийн хүрээнд томилон танилцуулах аж.