Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д болж буй Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээнээс манай таван тамирчин хүрэл медаль хүртлээ

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гран при тэмцээн нэгдүгээр сарын 27-30-нд Красноярск хотод болж байна.

Чөлөөт бөхийн тус тэмцээнд манай улсын таван эмэгтэй тамирчин хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, өчигдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал Иван Ярыгиний нэрэмжит Гранпригийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын багийн салхийг амжилттай хагалсан юм.

 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Улмаар эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд:

  • “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа,
  • 2018 оны өсвөр үеийн Азийн аварга спортын мастер Батцоожийн Марал нар хүч үзэж, хүрэл медалийн эзэн болсон.

Мөн “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн Азийн аварга ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярск хотод өчигдөр барилдсан Монголын бөхчүүдийн хамгийн сүүлийнх буюу тав дахь хүрэл медалийг авчирлаа.

Тэрбээр өчигдөр дагах барилдаан Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.