Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРАГЛАЛ: Их тойрууд 6-аас дээш давхар барилга бариулахгүй. Яамдыг дэд төвүүд рүү нүүлгэнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг энэ онд багтаан нийслэлээс УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. 

Төлөвлөгөөнд 2040 он гэхэд нийслэл хотыг суурьшил, үйлдвэр, ногоон байгууламж, тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа аж.  Түүнчлэн хотын нутаг дэвсгэрт олон нийт, орон сууц, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гудамж, зам, талбайг байгуулж, хуучныг шинэчлэн сайжруулах асуудлыг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байна. 

НЭГ ТӨВТЭЙ ХОТООС ОЛОН ТӨВТЭЙ ХОТ РУУ

Ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвийг байгуулахаар тусгасан бөгөөд хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлогыг 2009 оноос эхлэн боловсруулж, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан байдаг. 

 

Олон төвт хот болох зорилгын хүрээнд дэд төвүүдийг шинээр байгуулахаас гадна зарим яам, агентлагийг дэд төвүүд нүүлгэх юм байна. 

 

Шинэ дэд төвүүд хөгжин бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэж, худалдаа үйлчилгээний зах зээлийг тэлснээр шинээр ажлын байрууд бий болж, үр дүнд нь дэд төв тус бүрээс 100 мянга гаруй иргэн үр өгөөж хүртэнэ хэмээн тооцоолжээ. Мөн голлох авто замуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр тавих ажлыг инженерийн шугам сүлжээтэй хослуулан гүйцэтгэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын дүр төрх үндсээрээ өөрчлөгдөнө хэмээн үзсэн байна. 

 

Нийслэлийн бүсэд 2040 онд 2.1 сая хүн оршин суух төсөөлөл гарчээ. Оршин суугчдын 1.6 сая нь Улаанбаатар хотод, 400 мянга гаруй хүн 15 дагуул хот, тосгодод амьдрах нь. Дагуул хот, тосгодод 140,000 ажлын байрыг шинээр бий болгох замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар төлөвлөсөн байна. 

ИХ ТОЙРУУ ДОТОР ӨНДӨР БАРИЛГА БАРИХГҮЙ

Их тойруу дотор буюу инженерийн дэд бүтцийн хангамжтай хэсэгт хүн амын нягтаршил өндөртэй байгаа. Тиймээс тус бүсэд 6-аас дээш давхар барилга бариулахгүй байх зохицуулалт хийж төвлөрлийг сааруулахаар төлөвлөжээ.