Улсын хэмжээнд өчигдөр 7,055 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэжээ.
Ингэснээр вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 783,492 болж нэмэгдэв. Энэ нь хүн амын 24.1 хувь, 18-аас дээш насны иргэдийн 41.3 хувийг эзэлж байна.
Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн иргэдийн 8.7 хувь буюу дунджаар 165,000 гаруй хүн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдвал "Шар" түвшинд шилжинэ гэж тооцоолж болохоор байна.
Түүнчлэн аймгуудаас Завхан, Сүхбаатар аймаг хамгийн идэвхтэй буюу насанд хүрэгчдийнх нь 51 хувь нь бүүстер тундаа хамрагджээ.
Хэрэв зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байсан юм.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2,262,458 иргэн хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунг нийт 2,155,257 хүн буюу хүн амын 66.2 хувь нь хийлгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!