Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Дэлхийн хэмжээнд 2020 оны байдлаар хоол хүнсний гачигдалтай амьдарч байсан хүний тоо өмнөх оноосоо 118 саяар нэмэгдэж 768 саяд хүрэв

ikon.mn
2021 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ) болгон зарлаж, жил бүр олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 76 жилийн ойгоо угтахын зэрэгцээ Дэлхийн Хүнсний Өдрийг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал, түүний үр дагаврыг даван туулах, аар чармайж буй онцгой мөчид “Бидний үйлдэл бидний ирээдүй: илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээлт хоол хүнс, илүү сайхан байгаль орчин, илүү сайхан амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд 768 сая хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч байгаа тайлан гарсан нь өмнөх оноос даруй 118 саяар их байгаа юм.

Түүнээс олон, 2 тэрбум хүн шим тэжээлийн дутлын нэг хэлбэр болох таргалалттай болж, 2050 гэхэд шим тэжээлийн дутагдалтай хүмүүс дахин 2 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байгаа өнөөгийн нөхцөлд “Өлсгөлөнг зогсоох” зорилгод хүрэхийн тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай байна. 

Хэдий ийм хүнд цаг үе тохиож байгаа хүнсний үйлдвэрлэлийг тасалдуулалгүй, хадгалж, түгээж, хэрэглэж байгаа өнөөгийн арга ажиллагаандаа өөрчлөлт шинэчлэл хийх шинэ урам зориг, эрч хүч дүүрэн байна. Монгол Улсад төдийгүй дэлхий нийтээр олон асуудал сорилттой нүүр тулж байгаа ч тодорхой зорилго чиглэл дор бүхий л боломж бололцоогоо хамтатган хүнсний тогтолцоонд өөрчлөлт хийх, шинэчлэлт хийх их ажил өрнөж байна.   

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр есдүгээр сард Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт (United Nations Food System Summit) болж өнгөрөв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилсан энэхүү уулзалт нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хүнсний тогтолцоог сайжруулах, КОВИД-19 цар тахлын үеийн хүнсний хямралыг даван туулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн холбогдох зорилтуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангах, улс орнуудын амлалтыг ахиулахад түүхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол Улсын Засгийн газар 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдгээрт манай орны өнцөг булан бүрээс бодлого боловсруулах түвшний албан хаагчид, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл, залуучууд, иргэний нийгмийн бүлгүүд, хүнс  үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 500 гаруй хүмүүс оролцож үндэсний хэмжээнд хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэх арга зам болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж дуусахад үлдэж буй 10 жилд Монгол Улсын авах бодит арга хэмжээг тодорхойлcон юм.      

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Дарга Х.Болорчулуун арга хэмжээний нээлтийн үеэр “Алсын хараа 2050 бичиг баримтад нь хөдөө аж ахуй, байгаль орчны салбаруудын гол зорилтууд, хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах, бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг багасгахад тогтвортой менежмент хийх, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавх, механизмыг бүрдүүлэх зэргийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон. Манай улсын хүнсний тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэл хийх, Тогтвортой Хөгжлийн Зорилгыг хэрэгжүүлэхэд бүх талуудтай бид хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцлон тодотгож байлаа. 

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа “Хүнс тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийх, шим тэжээлийг сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэлээс гадна уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, гамшгийн эрсдэлийг бууруулахад мэдлэгээ дээшлүүлэх, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээлтийг хийхэд олон улсын сайн туршлагаас хуваалцах, бодлогын арга хэмжээ, зохицуулалтын арга хэмжээ авах,  цахим технологийг нэвтрүүлэх, салбарыг даван туулах чадавхыг дээшлүүлэхэд үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэв. 

Дэлхийн хүнсний өдрийн нэгэн онцлог арга хэмжээ нь шийдвэр гаргагч дээд байгууллага болох УИХ-ын төлөөлөл, УИХ-ын Гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Дарга Х.Болорчулуун, УИХ-ын Гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Ц. Туваан болон Г.Тэмүүлэн нар  Монгол улсын Хүнсний тогтвортой тогтолцооны талаар хэлэлцүүлэг байлаа. 

Үйл ажиллгааны бичлэгийг https://www.facebook.com/FAOMongolia/videos/1348470932249785 хаягаар орж үзээрэй. 

Дэлхийн Хүнсний Өдрийн талаар 

Дэлхийн II дайны дундуур, 1943 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвелтийн санаачилгаар НҮБ-ын хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар зарлан хуралдуулж энэ хурлаас гаргасан шийдвэрийн дагуу дайны хөлд сүйдсэн хөдөө аж ахуйг сэргээн босгох, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилготой байгууллага 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулагдсан нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ байлаа. 
НҮБ-ын ХХААБ-ын үйл ажиллагаа нь манай гарагийн хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцөлийг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахад чиглэгддэг. Түүнчлэн, улс орнууд өөрийн орны хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох, хүнс үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, зохистой технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч буй улс орны хүн амыг шим тэжээлт хоол хүнсээр хангахад засгийн газруудтай хамтран ажилладаг.

1981 онд хуралдсан тус байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганаас 10 дугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон тэмдэглэхээр тогтсоноос хойш энэ жил 40 дэх удаагаа тэмдэглэж байна. Өдгөө дэлхийн 150 гаруй оронтэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуанлийн хамгийн өргөн тэмдэглэдэг өдрүүдийн нэгд тооцогддог.