Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлнэ. 258 өрхийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлнэ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
MPA.mn

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар шаардлага хүргүүлж буй малчдыг Эрчим хүчний сайд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр яамны зүгээс УЦС-ыг байгуулахтай холбоотойгоор хийгдэх нүүлгэн шилжүүлэлтийн ажил дээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж ажилласан гэдгийг мэдээллээ. Нөхөн олговор олгохтой холбойтой хуулийн заалт, төслийн талаар мэдэээлэл гарын авлагыг ойрын хугацаанд орон нутагт тарааж, танилцуулна гэдгийг мөн хэлэв. 

Эрдэнэбүрэнгийн УЦС нь зөвхөн баруун аймгуудыг импортын эрчим хүчний хараат байдлаас гаргаад зогсохгүй Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх, ирээдүйд найдвартай эрчим хүчний үүсвэрээр хангагдах чухал ач холбогдолтойг салбарын яамнаас танилцуугынхаа үеэр онцолж байлаа. 

Цахилгаан станцын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай холбоотойгоор нийт 258 айлыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гарчээ. Өрхүүдийг 2022-2025 онд нүүлгэн шилжүүлэх юм байна. 

 "Бид хэдэн үеэрээ нутагласан, хадлан тэжээл сайхан ургадаг газраа хамгаалъя гээд энэ хүртэл зорьж ирлээ"

Уулзалтад ирсэн малчид, нутгийн зөвлөлийн төлөөллийн зүгээс "Бид хэдэн үеэрээ нутагласан, хадлан тэжээл сайхан ургадаг нутгаа хамгаалъя гээд энэ хүртэл зорьж ирлээ. 

УЦС-ын талбайд хамаарах газар нь бэлчээр төдийгүй хадлангийн нөөц газар юм

Ховд гол экологийн хувьд үржил жимтэй, хөндийдөө маш олон төрлийн модтой. Гэтэл олон тэрбум мод нь УЦС-ын хөндийд орох болоод байна. Энэ голоо дагаж жилийн дийлэнх хугацаанд амьдардаг өрхүүдийн төлөөлөл энд ирсэн. 

Түүнчлэн түүхийн дурсгалт болон дархан цаазат газрууд, нэг багийн төв усан дор орох болоод байна" гэдгийг хэлж байв. 

 
MPA.mn

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн удирдагч Ж.Лувсандандар "2019 оноос УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулаад 2020 онд улсын төсөвт Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зардал тусгагдсан. Үнэлгээний багийнхан 4 удаа газар дээр нь очиж ажиллахад 3 удаад нь төслийн нэгжээс төлөөлөл хамт явж ажилласан. 

28 мянган га газрыг тэр чигээр нь хүн амьдрах боломжгүй болно гэсэн ташаа ойлголт яваад байна. Усны түвшин 1,325 гэсэн тэмдэгт байгаа нь эрсдэлээс хамгаалсан дээд түвшний хэмжээ. Түүнээс биш үргэлж тэр түвшинд ус очихгүй. 

Тусгай хэрэгцээнд авсан бүсээс бүх малчин өрхийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг биш" хэмээн тайлбарлав.

"Баруун бүс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглээгээ хангах боломжтой"

Үргэлжлүүлэн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эрчим хүчний салбар нөхцөл байдал хүнд байгаа. Эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан. Давсан хэрэглээгээ импортоор авч байгаа бөгөөд баруун бүсийн хэрэглээ хамгийн өндөр нь. Баруун бүс БНХАУ болон ОХУ-аас зургаан цэгээр импортын эрчим хүч авдаг. Импортын эрчим хүч өндөр үнэтэй, хараат, нөхцөл шаардлагыг хатуу тавьдаг, хэрэглээг цаашдаа тууштай хэмжээгээр нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс Засгийн газар импортын хараат байдлаас гарах маш тодорхой бодлого баримталж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 16 эх үүсвэрийг шинээр барьж ашиглалтад оруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 

Дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр есийг барихаар төлөвлөсөн нь бараг бүгдээрээ баруун бүсэд баригдана. Тодруулбал, нэг УЦС, нар, салхины бага, дунд чадлын зургаан станц баруун бүсэд барихаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, баруун бүс дэлхийн жишигт нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглээгээ хангах боломжтой болно. 

Шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамгийн том, Монгол Улсын эрчим хүчний системд тохирсон эх үүсвэр Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Ховд гол дээр УЦС барих асуудлыг 1964 оноос хойш гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хийж ирсэн. Олон жил яригдсан энэ бүтээн байгуулалт одоо л ажил хэрэг болох нөхцөл бүрдээд байна. 

Энэ төсөл маш сайн, маш чухал бөгөөд улс оронд хэрэгтэй хэдий ч ганцхан сөрөг нөлөө байгаа. Тэр нь тасралтгүй ажиллах усан сангийн талбайд МАА эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал байна. Урт нь 24 км, өргөн нь 4 км хэмжээтэй усан сан байгуулагдана. Энэ усан сангийн гүн 3-40 метр байх бөгөөд 9,700 га газрыг хамрах энэ усан заавал байгуулагдаж байж УЦС хэвийн ажиллана. Энэ төслийг хэрэгжүүлнэ.

Усан сан байгуулагдах яг энэ талбайд 258 өрх амьдарч байна. Эдгээр өрхийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгож нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн засаг захиргаа идэвхтэй ажиллах үүрэгтэй" хэмээн хэлэв. 

Малчид болон яамны холбогдох хүмүүсийн уулзалт үргэлжилж байна.