Аливаа стартапыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, амжилттай компани болгохын тулд бизнесийн хөгжлийн үе шат бүрт нь дэмжлэг үзүүлж, өргөжүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх стартапын экосистемийг зөв бүрдүүлэх шаардлагатай байдаг.
Тэгвэл М-Си-Эс Венчерс компани Монголд стартапын экосистемийг бүрдүүлэх зорилгоор IT салбарын хөгжүүлэгчдийг бэлтгэх - “MStars Academy” болон стартапын хурдасгуур хөтөлбөр - “MStars Hub” гэх хоёр төслийг санаачлан эхлүүлж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.
Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх чадварлаг хөгжүүлэгчдийг богино хугацаанд практик дээр суурилсан үр дүнтэй хөтөлбөрөөр бэлтгэх МStars Academy аравдугаар сарын 11-ний өдөр үүд хаалгаа нээлээ.
Тус академийн “FullStack Developer” хөтөлбөрт элссэнээр зургаан сарын хугацаанд технологийн суурь ойлголтуудаас эхлээд веб хөгжүүлэлт бүрэн хийх хүртэл мэдлэгийг олж авах ба цаашдын карьерын өсөлтөд туслах бизнесийн, хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн англи хэлний чадвар олгох нэмэлт сургалтуудад хамрагдах боломжтой.
Академиа амжилттай төгссөн сурагчид М-Си-Эс Групп, түүний харьяа байгууллагууд болон бусад томоохон технологийн стартап компанид дадлагажих, цаашлаад ажиллах боломжтой болж байгаа талаар Юнител Группийн ТУЗ-ийн дарга, МStars Academy төслийн санаачлагч Р.Ганболд онцолсон юм.
“MStars Hub” хурдасгуур хөтөлбөрт нийт 36 салбарын 160 стартапууд элсэх хүсэлтээ ирүүлснээс 11 стартап сонгогдож цаашдын амжилтаа хурдасгах аяллаа аравдугаар сарын 06-ны өдөр эхлүүлээд байна.
Хурдасгуур хөтөлбөрт бидний өдөр тутмын амьдралд үргэлж тохиолддог асуудлыг хялбаршуулах шийдлийг олж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх технологийн шинэ шийдлүүдийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой стартапууд шалгараад байгаа юм.
Хөтөлбөрт элссэн стартапууд таван сарын хугацаанд дараах боломжуудыг эдэлнэ:
MStars Academy-ийн сурагчид болон MStars Hub-ын стартапууд өөр чиглэлийн үйл ажиллагаатай төслүүд хэдий ч хамтдаа нэг оффист байрласнаар танилын хүрээгээ тэлж, харилцаа холбоо үүсгэх, цаашлаад стартапууд дараачийн хөгжүүлэгчээ олох, харин хөгжүүлэгчид ирээдүйн ажлын байраа олох боломж бүрдэж байгаа юм.
Нээлтийн үеэр М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав MStars Hub хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан стартапуудад хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар дурдаж, MStars Academy-ийн амжилттай төгсөгчдийг М-Си-Эс Группийн компаниуд болон М-Си-Эс Венчерс компанийн хөрөнгө оруулалттай технологийн тэргүүлэх стартапуудад ажиллахыг урьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!