Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюун ухааны музейг байгуулагч З.Түмэн-Өлзий дэлхийн хамгийн олон шатар бүтээсэн анхны хүн болж Гиннест бичигдлээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Оюун ухааны олон улсын музей

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн үүсгэн байгуулсан "Оюун ухааны олон улсын музей" нь дэлхийн хамгийн олон шатартай музейгээр шалгарч, Гиннесийн номд бичигджээ.

30 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй уг музейд өдгөө МУСГЗ З.Түмэн-Өлзий гуайн урласан 400 гаруй шатар хадгалагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор Оюун ухааны олон улсын музейн дэд захирал Т.Мөнх-Алдараас товч тодрууллаа.

- Хамгийн олон шатартай музейгээр Гиннесийн амжилтад багтсан тухай хэзээ мэдсэн бэ?

-Оюун ухааны олон улсын музей нь одоогоос 33 гаруй жилийн өмнө буюу 1988 онд байгуулагдсан. Музейн үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзийн хувьд, сүүлийн 55 жилийн турш шатар Монголоос гаралтай гэдгийг батлахын тулд төрөл бүрээр нь урлаж, цуглуулсаар ирсэн юм.

Бид анх 2019 онд Гиннесийн номд дэлхийн хамгийн олон шатар монгол хүн бүтээж, дээд амжилтыг тогтоосон гэдгийг бүртгүүлэх хүсэлт гаргасан.

Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд бид 40-50 удаа холбогдож, шатар бүрийн онцлогийг харуулсан зураг, дүрслэл, баримтат кино хийж бүх мэдээллийг цувруулан явуулсан юм.

Улмаар энэ оны наймдугаар сарын сүүлчээр бидэнд З.Түмэн-Өлзий гуай Гиннесийн дээд амжилтыг албан ёсоор тогтоож чадсан тухай мэдээлсэн юм.

Монголчууд Гиннесийн номд өмнө нь цөөнгүй амжилтаараа бичигдсэн ч өөрөө урласан эсвэл цуглуулсан төрлөөр огт бичигдээгүй.

Нэг жилд хамгийн олон ялалт авсан сүмо бөх, хамгийн олон бөх оролцсон барилдаан, хамгийн олон морьтны жагсаал зэргийг зохион байгуулснаар Гиннесийн амжилтыг бичиж байсан юм.

Өөрөөр хэлбэл, музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий нь 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 438 төрлийн шатар урласнаар ийнхүү дэлхийн хамгийн олон шатар бүтээж, цуглуулсан анхны хүнээр шалгараад байна.

-Өнөөдрийн байдлаар Оюуны ухааны музейд хэчнээн төрлийн шатар хадгалагдаж байгаа тухай мэдээлэл өгөхгүй юу?

- Гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийгийн урласан 438 шатар нь материал, төрөл зүйл, хэмжээ зэргээрээ өөр хоорондоо эрс ялгаатай гэдгийг онцолъё.

Тиймээс ч бид тус бүрийнх нь онцлог дүрслэлийг харуулсан видео, хэмжээг нь нэг бүрчлэн явуулж байж Гиннест бүртгэгдсэн.

Бид анх 2019 ны дөрөвдүгээр сарын 16-нд шатрын төрөл 438 байхад нь Гиннесийн амжилтад бүртгүүлэх хүсэлтээ өгч байсан учраас түүгээрээ бичигдэж үлдсэн. Анх хүсэлт гаргасан огноогоор Гиннесийн амжилтын гэрчилгээнд бичдэг юм билээ.

Түүнээс хойш Оюун ухааны олон улсын музейн шатрын цуглуулга нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 470 гаруй төрлийн шатар хадгалагдаж байгаа.

-Музейн цуглуулгад байгаа онцлох шатруудаас дурдаж болох уу?

-Манай музейд байгаа шатрууд оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, мод зэргээр бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрстэй.

Мөн дэлхийн хамгийн жижиг болон хамгийн томд тооцогдох Монгол шатар хадгалагдаж байна. 

Дэлхийн хамгийн том "Монгол шатар"-ын хувьд, 1995 онд бүтээсэн бөгөөд нийт 7.2 метрийн урт хөлөгтэй. Шатрын хар тал нь Чингис хааны үеийн баатруудаар дүрслэгдсэн бол цагаан тал нь орчин үеийн олны танил, улс төрчдийг дүрслэн бүтээсэн юм.

Сонирхуулбал, тухайн шатрын тэрэг нь тухайн үед УИХ-ын дарга С.Төмөр-Очироор дүрслэгдсэн бол шатрын ноён нь Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнээр дүрслэгдсэн байдаг.

Түүнээс гадна, алт, мөнгөөр шавж хийсэн оньсон шатар ч бий. Түүнийг анх 2008 онд УИХ-ын Намрын чуулганы үеэр нийтэд дэлгэж байв. 2008 оны УИХ-ын ээлжит чуулганыг анх удаа шатраар нээж байсан түүх байдаг нь энэ юм.

Зөвхөн оньсон Монгол шатрын иж бүрдэл гэхэд л шатрын бүх дүрсүүд нь эзэнтэйгээр “Хош” шатрын монгол уламжлалаар зохиогдсон бөгөөд дүрсийн 4-6 ширхэг эд ангиуд нь огторгуйн гурван тэнхлэгт огтлолцон гүйж, 18 хүртэлх оньсоор өөр хоорондоо дахин давтагдахгүй аргаар оньслогдон угсрагдаж задардаг тул соёл урлагийн гайхамшигт бүтээлд зүй ёсоор ордог.  

Музейд байдаг хамгийн эртний шатар нь 1950-аад онд бүтээгдсэн бөгөөд МУГЗ З.Түмэн-Өлзий сурагч байхдаа анх модоор сийлэн урлаж байв.

-Хамгийн сүүлд ямар онцлогтой шатрыг музейн цуглуулгадаа нэмсэн бэ. Оюун ухааны музейн хэмжээнд нийт хэчнээн үзмэр багтдаг вэ?

-Хамгийн сүүлд сийлбэртэй монгол шатар музейн цуглуулгад нэмэгдсэн.

Оюун ухааны музей нь 100 хувь шатрын музей биш бөгөөд оюуны холбогдолтой үзмэрүүдийг шингээсэн 4-5 музейн цогцолбор гэж ойлгож болно.

 

Тодруулбал, музейд зөвхөн Монголын биш, дэлхийн олон орны үндэсний тоглоом, наадгай ч бий. Оньсон тоглоом нь хүний зүүн тархийг хөгжүүлдэг тустай. 

Дэлхий оньсны 4,000-5,000 үзмэр, 400 орчим Монголын нэрт зураачдын уран зураг, дэлхийн 100 гаруй орны сэтгэхүй хөгжүүлэх тоглоом наадам болон үнэт эдлэлийн цуглуулгууд гээд нийтдээ 11,000 гаруй үзмэр манай музейд хадгалагддаг.

Оюун ухааны музей нь 33 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа 70 гаруй улсын 100 гаруй үзэсгэлэн, экспод амжилттай оролцсон бөгөөд дэлхийн олон орны оюун ухааны тоглоомуудыг цуглуулгадаа нэмсээр байдаг. Тиймээс музейн цуглуулга маш өргөн гэж хэлж болно.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж өнгөрсөн сараас үйл ажиллагаагаа эргүүлэн иргэдэд нээлттэй явуулж эхэлсэн

Ингэхдээ Даваагаас Бямба гараг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийн эх сурвалж: Оюун ухааны олон улсын музей