Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨСЛИЙН УДИРДЛАГА ХӨГЖЛИЙН НУУЦ

ikon.mn
2021 оны 10 сарын 5
Сурталчилгаа

-Өөрчлөлтөд хурдацтай дасан зохицдог компаниуд үйл явцаас илүүтэй үр дүнд анхаардаг-

“Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн 10 жилийн хугацаанд 10-12 тэрбум доллар дээр гацаж байна. Монголын эдийн засгийг нэг том бялуу гэж үзвэл бидний дундаа хувааж иддэг бялуу 10 жил томорсонгүй. Энэ нь бид төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаатай холбоотой. Төсөл боловсруулж хөрөнгө оруулалт татахгүйгээр бялуугаа томруулах бололцоогүй. Тиймээс өнөөдрийн хямрал дунд бидний хэлэлцэж байгаа асуудал чухал ач холбогдолтой” хэмээн Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, улстөрч, гавьяат эдийн засагч М.Энхсайхан “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим хурлын индрээс зарласан нь Монголд 6 дахь удаагаа зохион байгуулагдсан төслийн менежментийн олон улсын бага хурлын ач холбогдлыг товчхон томьёолсон хэрэг байлаа.

 

Цаг уурын өөрчлөлт, цар тахал, дижитал шилжилт дэлхий дахиныг сорьж буй үед “PMI Mongolia Chapter” байгууллагаас “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” цахим хурлыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан юм. Зургаа дахь удаагийн энэхүү хуралд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 739 хүн цахимаар оролцсон ба Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан "Гүйцэтгэх удирдлагуудын цаг" тусгай хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний 40 эрхэм оролцлоо.

“Бидний амьдралын орчин өдөр тутамд өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цахим шилжилт, Ковид-19 цар тахал бидний амьдралыг орвонгоор нь өөрчиллөө. Эрс өөрчлөгдөж буй энэхүү орчинд төслийн удирдлагын арга барилыг эзэмшсэн чадвартай удирдагч энэ хүнд байдлаас амжилттай гарч чадна” хэмээн “PMI Mongolia Chapter”-ын ерөнхийлөгч М.Болдоо хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа. Тийм учраас авьяас билэгтэй удирдагчдыг Монголд олон зуугаар нь бий болгоход “PMI Mongolia Chapter”-ын зорилго оршдогийг тэрбээр тодотгосон.

 

Дэлхийд хүчээ авч буй хөгжлийн арга зүй, стандартыг Монгол оронд түгээх, Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, агуулгаараа үлэмж хөгжлийг түүчээлэх төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн туршлага, хандлагыг ажил хэрэгч хэлбэрээр хуваалцахаар зорьж буйгаа тус байгууллагын Монгол дахь салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулан өгүүлсэн юм.

PMI буюу Олон улсын төслийн удирдлагын институтийн Ази, Номхон далайн бүс хариуцсан гүйцэтгэх захирал Бен Брин, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, улстөрч, гавьяат эдийн засагч доктор М.Энхсайхан, үндэстэн дамнасан “Rio Tinto” группийн Зэсийн группийн захирал Б.Болд нар энэ үеэр онцлох илтгэгчээр уригдаж, төслийн эдийн засгийг түүчээлэгч 700 гаруй оролцогчдод өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцан, хурдацтай дасан зохицох арга зүй, төслийн эдийн засгийн ач холбогдол, мега төсөл хэрэгжүүлэх арга зүй зэрэг сэдвээр тавьсан илтгэл нь өөр өөрсдийн онцлогтой байлаа.

Юуны өмнө дэлхий дахин хурдацтай өөрчлөгдөж байгаатайгаар холбоотойгоор хувь хүмүүсийн ажил хэргээ удирдахад шаардагдах ур чадварууд ч хувьсан өөрчлөгдөж байгааг PMI байгууллагын Лондон дахь төв оффисын гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Сунил Прашара онцлов. Эрс өөрчлөгдөж, улам бүр комплекс болж буй шинэ эгэл хэмээх нэн шинэ энэ орчинд байгууллагууд урьдчилан төсөөлөөгүй нөхцөл байдалтай нүүр тулж, тэр хэрээр төслийн менежментийн хэрэгцээ шаардлага улам өсөж байгааг тэмдэглэв. Тиймээс үргэлжлүүлэн сурах, үргэлжлүүлэн өөрийнхөө чадварыг сайжруулах хэрэгцээ шаардлага хүн бүрт тулгарч байгааг тодотгоод өөрөө ч мөн Лондоны Бизнесийн Сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр мастераар суралцахаар зэхэж буйгаа хуваалцсан юм.

Харин ноён Бен Брин ажил хэргийн шинэ экосистем дэлхий даяар үүсээд байгааг “Beyond Agility” илтгэлээрээ онцлов. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүмүүсийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдлөө. Дуртай, эсвэл дургүй байгаагаас үл хамааран ихэвчлэн гэрээсээ ажиллах шаардлага хүмүүст тулгарсан. Энэ нөхцөлд ажайл буюу хурдацтай дасан зохицох аргазүй маш чухал. Нэн шинээр үүссэн орчинд маш чухал “бүтээгдэхүүн” гэдгээ нотлохын тулд бүх зүйлийг даван туулах шаардлагатай” гэхчлэн ярилаа.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд нүүрлэсэн пандемик хүн төрөлхтний ажил эрхлэх, үнэ цэнэ бүтээх хэв маягуудыг эрс өөрчлөн, энэхүү өөрчлөлтийг хурдасгасан билээ. Цар тахлын үед ч технологи бидний амьдралыг өөрчилсөөр буй. Технологийн хөгжил та бидний амьдралд авчирч буй автоматжуулалтын улмаас 2030 он гэхэд дэлхий даяар нийт 400-800 сая хүн өнөөдрийн ажлын байраа алдана хэмээсэн “McKinsey & Company”-ийн судалгааг тэрбээр эш татаад “Ур чадвараа сайжруулах шаадлага гарцаагүй тулгарч байна” хэмээн давтан сануулсан юм. Байгууллагууд болон багууд аливаа төслийг төлөвлөх, гүйцэтгэх хэв маягт сууриар нь өөрчлөлт гарч байна. Энэ хүрээнд PMI байгууллагаас хийсэн нэгэн судалгааны үр дүнг тэрбээр энэ үеэр хуваалцсан юм. Өнгөрсөн 12 сарын хугацаанд бизнест нь гарсан өөрчлөлтийг өмнөх 12 сартай харьцуулан дүгнэхийг судалгаанд оролцогчдоос асуужээ. Дижитал шилжилт хэмээн судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 68 хувь нь хариулсан бол бизнесийн стратеги, байгууллагын дасан зохицох чадвар, инновацид хандах хандлага, үйл ажиллагааны үр ашигтай байдал гэхчлэн хариулт удаалжээ.

Энэ судалгаатай холбоотойгоор тэрбээр байгууллагуудыг хоёр ангилж үзжээ. Эхний буюу уламжлалт аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд үр дүнтэй гэдэг нь батлагдсан арга барилыг ашиглан асуудлыг шийддэг аж. Харин удаах нь болох уран нугараач шиг уян хатан буюу gymnastic аж ахуйн нэгж нь тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ боломжтой бүхий л арга барилыг ашигладаг. Үйл явц буюу процессоос илүүтэй үр дүнд анхаардаг, бүтэц болон засаглалыг уян хатан байдалтай хослуулан ажиллаж чаддаг аж ахуйн нэгжийг тэрбээр ийн тодорхойлсон хэрэг. Уян хатан аж ахуйн нэгжүүд аливаа шокийг мэдрэх, хариу үзүүлэх, өөрчлөлтийг удирдах, ирээдүйг угтахад илүү хялбар байдаг учраас энэ чиглэлд байгууллагаа, багаа хөгжүүлэхийг тэрбээр сануулсан юм. Байгууллагын хурдацтай дасан зохицох чадвар болон эрсдэлийн менежементийн нийлэмж нь аливаа төслийг амжилтад хүргэдэг хэмээн тэрбээр эцэст нь онцоллоо.

 

Харин Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд ноён М.Энхсайханы илтгэл илүүтэй өдгөө Монгол оронд үүсээд байгаа асуудалд чиглэсэн байлаа. “Бидний стратеги  төлөвлөлт сул, түүнийгээ хэрэгжүүлэх төсөл боловсруулах чадамж дорой, ер нь стратеги төлөвлөлтгүй явж байгаа нь өөрөө бидэнд цохилт болон ирж байна. Бензиний хомсдол бол зөвхөн ганц жишээ. Эрчим хүч, тээврийн салбар гээд олон газарт стратегитай ажиллахгүй бол бензиний хямралтай ойролцоо, түүнээс ч хүчтэй цохилтууд ирэхээр байгаа. Хамгийн гол нь шоконд өгөх хариу үйлдэл стратегитай байх явдал чухал” хэмээн тэрбээр анхааруулав.

Тэрбээр мөн “Бий болсон нөхцөл байдал нийгэм эдийн засаг, бизнесийг тодорхой чиглэлтэй хөгжүүлэх замын зураг гаргахад шийдвэр гаргагчдад, компанийн удирлагуудад тун хэцүү болж байна. Зах зээлийг ямарваа нэг хэмжээгээр урьдчилан таамаглаж болдог байх үеийнх шиг эдийн засаг, бизнесийг удирдах боломжгүй болж байгаа талаар судлаачид анхааруулж байна” гэсэн юм.

Төслийн асуудлыг судалдаг бие даасан судалгааны институт үгүйлэгдэж байгааг ноён М.Энхсайхан яриандаа дахин давтан тэмдэглэж байлаа. Монгол уул уурхайн орон бөгөөд экспортынх нь 80-90  хувь нь эрдэс баялаг гэж үзвэл Монголын өнөөгийн эдийн засгийн 30-40-өөс доошгүй хувь нь төслийн эдийн засаг. “Шинэ шинэ төслүүд олноор бий болж эдийн засгийг тэлэх шаардлагатай. Ингэхийн тулд төсөл боловсруулах чадамжийг бий болгоход төр, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэдэн арван компани төсөл боловсруулж төслийн менежерүүд бэлдэж, компанийн эзэд ажлынхаа цагийн ихэнхийг төсөл боловсруулахад зарцуулах хэрэгтэй юм байна. Азийн орнуудын хурдацтай хөгжилд дээрх хөгжлийн  загвар чухал үүрэг рольтой байсан” гэлээ. “Хөгжил бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нийлбэр, тэдгээрийн үржүүлэгч нөлөө юм” хэмээн тэрбээр илтгэлийнхээ эцэст дүгнэсэн юм.

Дэлхийн үндэстэн дамнасан томоохон корпорациудад удирдах албан тушаал хашиж буй цөөн монголын нэг, ноён Баатарын Болд “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын бага хуралд онцлох илтгэл тавьсан нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг тодорхойлсон юм. Америкийн үндэстэн дамнасан “JPMorgan Chase & Co”-д 10 гаруй жил ажиллаж, улмаар уул уурхайн гигант “Rio Tinto”-д нэгдэж, энэ оны эхэн үеэс хойш тус группийн Зэсийн группийн захирлаар ажиллаж буй тэрбээр мега төслүүд, тэдгээрийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, тэр дундаа Оюутолгой төслийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Дэлхийн ДНБ-ий 8 хувийг 2030 он гэхэд мега төслүүд эзэлнэ гэх судалгааг тэрбээр энэ үеэр гаргаж тавьсан юм. Тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт бүхий тэдгээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд төслийн мэргэжлийн боловсон хүчин, төлөвлөлт шаардлагатайг мөн онцоллоо. Тэдгээр мега төслүүдийн нэг болох зэс, алтны Оюутолгой төсөл 2028 онд буюу үйлдвэрлэлийн оргил үедээ жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, ижил төрлийн бусад уурхайгаас үзүүлэлтийн хувьд давах төлөвтэй байгаа. Өдгөө Монгол Улсын төсвийн орлогын 10 төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой шууд холбоотой бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад хийгдсэн ГШХО-ын гуравны нэг нь Оюутолгойд хийгдсэн хөрөнгө оруулалт гэдгийг онцоллоо. Монголд хэрэгжиж буй дэлхийн түвшний цөөн төслүүдийн нэг Оюутолгой мөн аюулгүй ажиллагаагаар дэлхийд тэргүүлж, ус хэмнэлт, ашиглалтаараа шилдэгт тооцогдож буй. 2010 оноос хойш уг төсөл нийт 3.7 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулсан гэхчлэн Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тэрбээр дурдлаа. Оюутолгой шиг нүсэр, мега төслийг хэрэгжүүлэхэд амаргүй. “Энэхүү төслийг амжилтай хэрэгжүүлснээрээ Монгол Улс гүний уурхай, мега төсөлд мэргэшсэн уул уурхайн манлайлагч орон болж дэлхийн тавцанд гарах юм” хэмээн тэрбээр илтгэлээ өндөрлөлөө.

Ийнхүү амжилттай зохион байгуулагдан, мэргэжлийн түвшний чансаатай лидерүүдийг урьж, Монголын 700 төслийн менежерийг нэг дор цуглуулсан “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим хурал нь дэлхий дахинд хурдацтай хөгжиж, ач холбогдол нь улам бүр өсөж буй төслийн эдийн засаг хэмээх үзэл баримтлалыг Монгол Улсдаа таниулах эхний алхмыг амжилттай хийлээ.

Фото:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.