Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Жуковын арын талбайд барилга барих зөвшөөрөл авах гэж зарим айлд 500,000 төгрөг тарааж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн ард 16 давхар орон сууц бүхий барилга барихаар болжээ.

Үүнийг тухайн хорооны оршин суугчид эсэргүүцэж, уг газрын эзэмшлийг цуцлан нийтийн эзэмшлийн талбай болгохыг хотын захиргаанаас шаардсаар байна.

Үүнтэй холбоотой асуудлаар БЗД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Энхтуяагаас тодрууллаа.

Тэрбээр "Жуковын арын дөрвөн га талбайд дөрвөн блок, долоон хэсэгтэй, 16 давхар бүхий орон сууц үйлчилгээний төв, музей, кинотеатр барихаар зэхэж байна.

Энэ талбайд тийм өндөр барилга барих нь оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчинд амьдрах нөхцөлийг үгүй хийж буй үйлдэл юм. Наад зах нь, энд баригдах барилга хуучин барилгуудын нарыг хаана.

Уг талбай 2017 оноос хойш нийт таван компанийн эзэмшилд хувьчлагдсан бөгөөд 2018 оны зураг төслөөр барилга барих зөвшөөрлөө 2020 оны долдугаар 10-нд авсан байна.

Үүнээс дурдвал, Ардын жүжигчин Д.Сувд гуайн тэргүүлдэг “Саран ээж” нийгэмлэг болон УИХ-ын гишүүн Анандбазарын хамааралтай компаниуд бий. 

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр уг газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн зориулалттай болгохоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байдаг.

Харамсалтай нь одоо барилгын ажил явагдаад эхэлчихлээ. Ингэхдээ зарим айлд 500,000 төгрөг тарааж, барилга барих зөвшөөрлийг авч байна" хэмээн ярив.

"Өнөөдөр дахиад бохирын шугамыг маань задалчихлаа"

Үргэлжлүүлэн "Уг газрыг анх "Ээж" музей барих зориулалтаар авсан юм билээ. Гэвч үнэндээ тэр музейгээ ч барихгүй, өөр олон үйлчилгээний газар барихаар болсон байна.

Хотын иргэд бидэнд, тэр дундаа БЗД-ийн 4 дүгээр хорооны оршин суугч бидэнд Ээж музей нь ч хэрэггүй. Учир нь энэ хэсэгхэн газарт Цэргийн музей, Жуковын музей, Одон оронгийн музей гээд нийтдээ гурван музей бий. Гэтэл эсрэгээрээ энэ хавийн иргэдэд гэрээсээ алхах, салхилаад суух ногоон байгууламж байхгүй байна.

Өнөөдөр гэхэд л энд барилгын ажил явуулж байсан хүмүүс дөнгөж сая бохирын хоолойг задалчихлаа. Тэд өмнө нь дулааны гурван шугамын хамгаалалтыг ч эвдсэн.

Түүнийг есдүгээр сарын 15-наас өмнө засахгүй бол энэ хавийн оршин суугчдыг дулаанаар хангах боломжгүй болсон тухай Улаанбаатар, дулааны шугам сүлжээнээс мэдэгдэж, яаралтай засах шаардлага өгсөн юм.

Харамсалтай нь өнөөдөр дахиад бохирын шугамыг задалчихлаа. Одоо бохир нь урссан байдалтай байна.

Бид хотын захиргаанд хоёр удаагийн албан бичиг өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газарт 2,000 гаруй хүний гарын үсэгтэй хүсэлт, шаардлагыг албан ёсоор өгөөд байгаа. Гэвч одоог хүртэл аль нэг байгууллагаас хариу өгөөгүй байна.

Бид энэ газарт барилга барих эрхийг цуцлах хүртэл цаашид тэмцэнэ. Хэрвээ хотын захиргаанаас барилга барих эрхийг цуцлаад, нийтийн эзэмшлийнх болгоод өгчихвөл оршин суугчид бид өөрсдөө энэ газарт өөрсдөө мод, зүлэгээ тариад тохижуулахад бэлэн байна.

Хотын захиргаанаас уг газрын эрхийг цуцлах процесс явагдаж байгаа гэдэг ч үнэндээ яг цуцлах эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэх өгөхийг хүсэж байна" гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn /2021.09.14/