Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэлмэн: Малчдын хадгаламж зээлийн хоршоо бүх талаар ашиг өгч байна

ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн санхүү захиргаа, хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэнтэй ярилцлаа.

Малчид “мөнгөн мал”-тай байдаг болсон. Энэ нь өөрийн тогтоосон тооноос илүү гарсан малыг худалдан борлуулж, хөрөнгийг хадгаламж зээлийн хоршоонд байршуулан, хүүгийнх нь ашгийг амьдрал, ахуйдаа зарцуулж, чухал үед данснаасаа мөнгө авч, сэтгэл ханамжтай амьдардаг болсныг хэлж буй юм.

Малчид хоршиж, санхүүгийн байгууллага үүсгэн, үр шимийг нь хүртэж байх болсон нь тэдний туулсан бэрхшээл, түүнийг хамтын хүчээр даван гарсан түүх, мөн ирээдүйд ч эрсдэл учирвал хамтдаа тэмцэх хүсэл эрмэлзлээс үүдэлтэй. Хүн, малын ихээхэн хохирол учруулсан тэртээх 2000, 2001 оны зудны үеэр олон айлын хот харласан бөгөөд амьжиргааны эх үүсвэргүй болсон гэр бүлүүд ах, дүү, хамаатан саднаа бараадан, ажил олж хийхээр нийслэлийг зорин ирцгээсэн билээ. Улаанбаатарын хүн ам механикаар өсөж эхэлсэн нь тэр үеэс эхлэлтэй.

 

Харин одоо хот дүүрэн малтай, хадгаламждаа мөнгөтэй малчид нутагтаа сайхан амьдрахыг илүүд үздэг болжээ. Хүүхэд нь хүссэн сургуульдаа ороход нь төлбөрийг нь өгнө, амьдрах байр сууцыг нь бэлдэнэ, төв газарт эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гадаад улсууд руу зорчих бол хадгаламж дахь мөнгөнөөсөө аваад л явна. Нэг үгээр хэлбэл малчид санхүүгээ бүрдүүлж, удирдаж ч чаддаг болсон. Ийм, магадгүй одоогоос 20 жилийн өмнө төсөөлөө ч үгүй байсан санхүүгийн эрх чөлөөт амьдралыг бий болгоход манай улсын хэд хэдэн аймагт Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн нь ихээхэн нөлөөлсөн юм.

Малчид тус бүртээ хэд хэдэн төгрөг нийлүүлж, дундын сан үүсгэн, тулгарсан асуудлуудыг ээлж дараатай шийдэж, амжилтдаа урамшиж байсан туршлагадаа тулгуурлан хөрөнгө ахиухан нийлүүлж, хоршоо болгох замаар санхүүгийн байгууллагаа бэхжүүлэх үйлсэд нь тус төслийн зүгээс байнга зөвлөж, дэмжиж ирсэн билээ. Малчдын хадгаламж зээлийн хоршооны түүх бол  “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн ч түүх, явц, амжилт юм.

 Малчид хадгаламж зээлийн хоршоотой байх нь зөвхөн уг төслийг хэрэгжүүлсэн орон нутгийн иргэдэд хамаатай биш юм. Үр ашигтай нь туршлагаар нотлогдсон уг зохион байгуулалт, механизмыг аймаг, сум бүрт хэрэгжүүлж, шимийг нь хүртээсэй гэсэн хүслээр “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Санхүү захиргаа, хоршоо хариуцсан мэргэжилтэн Г.Тэлмэнтэй ярилцсан юм.  Уг төсөлд найм дахь жилдээ ажиллаж буй түүнээс тус хамт олон малчдын санхүүгийн байгууллагыг чадавхжуулах талд хэрхэн ажилласан талаар сонирхож хөөрөлдлөө.



-Төсөлд хэдэн аймгийн хэдэн сумын малчдыг хамруулсан бэ?

-Уг төслийг 18 аймгийн 169 сумыг хамруулан хэрэгжүүлсэн. Тэдгээрээс 44 суманд малчдын санхүүгийн байгууллага буюу хадгаламж зээлийн хоршоо байгуулж өгсөн. Бэлтгэл ажил хийж, сургалт явуулан, мэдээлэл, материаллаг баазаар хангасан. Эдгээрээс 39 нь  үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бусад нь бэлтгэл бүрэн хангаад, тусгай зөвшөөрөл хүлээж байгаа.

-Уншигчид сонирхох байх. Хоршоод аль аймагт түлхүү хөгжиж байна вэ?

-Орон нутагт гэвэл 18 аймагт хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагаа явуулж байна. Төслийн зорилтот баруун бүс буюу Ховд, Говь-Алтай, Увс, Архангай, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий аймагт хоршоо нэлээд төвлөрч, хүртээмж өндөртэй ажиллаж байна. Бусад аймагт хоршоо цөөн байгаа нь эдгээр аймагт дундын сангийн эхлэл, суурь саяхнаас тавигдаж байгаатай холбоотой. Хадгаламж зээлийн хоршоо байгуулахын урьтал нөхцөл нь малчдын дундын сан юм билээ. Хэн хүссэн нь хэрэгтэй үедээ шаардагдах мөнгийг сангаасаа авч ажлаа амжуулж ирсэн болохоор энэ нь зөв, зүйтэй зохион байгуулалт юм байна гэж хаана, хаанаа ойлгосон.

 

Хадгаламж зээлийн хоршоо байгуулах хүсэлтэй малчдад ойлголт өгөх үүднээс дундын сан гэж чухам ямар бүтэц болох талаар ярьж өгнө үү.

-Тэгье ээ. 2000, 2001 онд малчдад зудын үед малын тэжээл бэлтгэх, цас цэвэрлэж зам гаргах, малын болон хүн эмнэлгийн асуудлыг шийдэх гэх зэрэгт яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ их гарч байлаа. Тухайн үед малчид зээл авах боломж тун бага байсан юм. Хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодоггүй байсан тул боломж хомс байлаа л даа. Мөн хонин толгойгоор 200-гаас доош  малтай айл нь амьжиргааны түвшин доогууртайд тооцогддог. Ийм айлууд зудын үед зээл авах нь бүү хэл санхүүгийн аливаа үйлчилгээ авахад ч хүнд байсан.

Тэр үед малчид бүлэг, хэсгийн зохион байгуулалтад орж дундаа фондны мөнгөтэй байх нь зүйтэй юм байна гэж үзээд дундын сан үүсгэсэн юм.

Малчин тус бүр 25 мянган төгрөг нийлүүлж сан бүрдүүлсэн. Тэр үед манай төслийн зүгээс бэлчээр ашиглалтын нэг хэсэгт цугларсан мөнгөтэй дүйцүүлэн, түүнтэй тэнцүү хэмжээний мөнгө олгож, санг дэмжсэн юм. Дундын сангийн хөрөнгөтэй болоод ирэхээр малчид хэсгээрээ хуралдаж, хэлэлцсэнээр сангийн мөнгийг хадлангийн бэлтгэл хийх, булгийн эхийг хаших зэрэг шаардлагатай зүйлдээ зарцуулж байлаа. Ийнхүү малчид дундын сангийн үр ашгийг мэдэрснээр “Энэ их хэрэгтэй юм байна” гэж үзээд, дахин мөнгө нийлүүлж сан бүрдүүлж эхэлсэн юм. Бидний зүгээс дундын сангаа зарцуулж дуусгах биш, харин өсгөж арвижуулах хэрэгтэй гэж зөвлөж, дэмжсэн. Тэгснээр сангийн хөрөнгийн 30 хүртэлх хувийг зарцуулна, үлдсэнийг нь бие биедээ богино хугацаатай, гурваас зургаан сараар, хоёр хувийн хүүтэйгээр зээлдэх замаар дундын сангаа арвижуулъя гэдэг журамтай болж “Дундын сан” гэдэг хөтөлбөр бий болсон юм. Энэ нь хүү багатай, бичиг баримт бүрдүүлэх шаардлага ч цөөнтэй, зээл хөөцөлдөх зардал багатай, хурдан шуурхай үйлчилгээ болж чадсан.

-Тэгэхээр дундын санг хөгжүүлж, хадгаламж зээлийн хоршоо байгуулжээ.

-Тийм. Анх тав, арван саяар яригдах хөрөнгөтэй байсан сан гурав, дөрвөн жилийн дараа 50-70, зарим газарт бүр 100 сая төгрөг хүртэл хөрөнгө нь өсөж ирсэн. Их хэмжээний мөнгийг нэг хүн удирдахад төвөгтэй. Нөгөөтэйгүүр ийм үүсгэл санаачилгыг зохицуулах хууль, эрхзүйн орчин байгаагүй. Тийм болохоор аль болох боломжит, тэгсэн мөртлөө хуулийн зохицуулалттай хувилбар нь хадгаламж зээлийн хоршоо гэж үзээд, үүнийг байгуулах нь оновчтой гэж дүгнэсэн.

Ингэж малчдын мэргэжлийн санхүүгийн байгууллагын эхлэл тавигдсан юм. Хадгаламж зээлийн хоршоо нь ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг, эдийн засгийн болон нийгмийн хос зорилготой, онцлог байгууллага. Төслийн дөрөвдүгээр үе шатнаас буюу 2016 оноос төслийн зүгээс хадгаламж зээлийн хоршоодыг дэмжиж эхэлсэн.

2014, 2015 онд бол малчид өөрсдийн зохион байгуулсан санхүүгийн байгууллага буюу дундын сангаа хоршооны хэлбэр рүү  шилжүүлж эхэлсэн байлаа. Энэ хөдөлгөөн Завхан аймгийн Тэлмэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл зэрэг сумдаас эхлэн өрнөсөн.  

-Их хөрөнгөтэй хоршоодоос нэрлэж болох уу?

-Хамгийн түрүүнд дундын сангаас хадгаламж зээлийн байгууллага руу шилжсэн хоршоодоос “Улсын шилдэг хоршоо” болсон нь бий. Энэ нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Малчны хөгжил” гээд гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 1000 гаруй гишүүнтэй хоршоо. Малчид дундын сангаа хөгжүүлэн хоршоо болгох ухаалаг шийдвэр гаргасанд бид олзуурхдаг. Ховд аймгийн Дөргөн сумын 2017 онд байгуулагдсан хоршооны нийт хөрөнгө гэхэд энэ жил 600 сая төгрөг болсон амжилттай байна. 

 

-Малчид хадгаламж зээлийн хоршоонд нэгдсэн нь бэлчээр, нутгаа хамгаалахад тустай юу?

-Малчид бэлчээрийн даацаас хэтэрсэн малаа борлуулж “мөнгөн мал”-тай болох нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх нь бэлчээр хамгаалах нэгэн төрлийн арга, хамгаалалт юм.

Малчдын санхүүгийн байгууллага чадавхжиж, бэлчээр нутгаа хамгаалах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна.

Жишээ олныг дурдаж болно. Тухайлбал, ажил хэргийн шаардлагаар олонтоо уулзаж байсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Аухат хоры” хадгаламж зээлийн хоршоо гэхэд 700 гаруй гишүүнтэй, 450 сая гаруй төгрөгийн хөрөнгөтэй. Хоршооныхоо өнгөрсөн оны үйл ажиллагааны ашгаас таван сая төгрөгийг бэлчээр хамгаалах санд хуваарилж, мөн сан үүсгэсэн. Түрүү жилийн наймдугаар сарын байдлаар бэлчээр хамгаалах сангийн хөрөнгө 6.2 сая төгрөг болсон. Хоршооны зүгээс олон малтай малчдад хандаж, малаа борлуулан, хадгаламж хэлбэрээр байршуулахыг зөвлөсөн сургалт, сурталчилгаа хийсний үр дүнд нэлээд олон айл хадгаламж байршуулсан. Тухайн үед буюу 2018 онд хамгийн олон мал борлуулсан гишүүн нь мал борлуулсан орлогоосоо  31.7 сая төгрөгийг хоршоонд хадгалуулж. Ингэснээр өнгөрсөн жилийн хүүгийн өсөлтийн 7.8 сая төгрөгөөс машин худалдан авч, одоогоор 28 сая төгрөгийн “мөнгөн мал” буюу хадгаламжтай болсон талаар тус хоршооны гүйцэтгэх захирал ярьж байсан нь тодхон үлджээ. Үүн шиг малчдын амьдралд дэм болохоос гадна зуд турхан, хулгай гэх мэт гадаад хүчин зүйлсийн эрсдэл өндөртэй малыг зарж борлуулан найдвартай хөрөнгө болгосон жишээ олон бий дээ.  

-Малчид хадгаламж зээлийн хоршоо байгуулснаар өөр ямар дэвшил гарсан бэ?

-Хадгаламж зээлийн хоршоо нь эдийн засаг, нийгмийн гэсэн хос зорилготой, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага. Одоо цагт, өөрөөр хэлбэл нэгдлээс хойших, малчдын төлөө ажиллаж буй ганц байгууллага гэж хэлэхэд хилсдэхгүй. Том зургаар харвал малчдын байгууллагуудыг холбож, дэмжсэнээр хэд хэдэн чиглэлд дэвшил гарсан. Мал аж ахуйн зарим бүтээгдэхүүний чанар сайжирсан. Мах, сүү, ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноос  зэрэг малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанар ч сайжирсан. Малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, худалдан авагчдын шаардлагад нийцсэн түүхий эд бэлтгэдэг хариуцлагатай малчид, хоршоодын тоо  нэмэгдсэн. Ингэснээр эдгээр түүхий эдээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний чанар, үнэлэмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж нээгдсэн. Хоршоо нь төвөөс алслагдмал, төрийн үйлчилгээ тэр бүр хүрдэггүй нутаг болон банкны шаардлага хангахгүй гэж үздэг эмзэг бүлгийн иргэд, малчидтай тулж ажилладаг. Тэр хэмжээгээр тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг бага боловч шийдэж, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байдаг гишүүд төвтэй байгууллага юм.

-Мэргэжилтний хувьд та энэ төрлийн хоршооны хөгжил, ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Дэлхийд хөгжөөд 150 гаруй жил болсон энэхүү салбар хөгжлийн өндөр жишигт хүрч цахимжсан. Олон улсад Хоршоологчдын банк, санхүүгийн нэгдлүүдийг хүртэл үүсгэн байгуулж, үйл ажиллагаа амжилттай явуулж байна. Энэхүү нүсэр том системийн доод, анхдагч нэгж нь хадгаламж зээлийн хоршооноос эхтэй. Харилцагч бус гишүүн төвтэй санхүү болон бизнесийг зэрэгцүүлэн хөгжүүлдэг, гишүүдтэйгээ тулж ажилладаг нь энэ салбарын онцлог. Дэлхийн жишиг хөгжлийг орон нутагт нэвтрүүлэх нь бидний ирээдүйд хийх ажил. Ингэхдээ монгол ёс заншил, онцлогтоо тохирсон малчдын хоршоодыг амжилттай нутагшуулах нь чухал. Хэт төвлөрөл, хэт хэрэглээтэй, цар тахалтай даяаршлын өнөө цагт систем бүхэлдээ задрахаас сэргийлж, сонирхол зорилго нэгтэнгүүд тухайн орон нутагтаа асуудлаа шийдвэрлэх, хурдан хөрвөх, хувьсах чадвартай дэд нэгжийн тогтвортой байдал чухал. Бид дээр дурдагдсан ХЗХ-ны олон сайн туршлагуудыг олон нийттэй хуваалцах зорилгоор 2021/09/09-ны өдөр болох Бэлчээрийн Үндэсний IV форумын салбар хурлаар “Дэлхийн жишиг хадгаламж зээлийн хоршоог нутагшуулах нь” уриатай Монголын хадгаламж зээлийн хоршооны анхдугаар цахим форумыг зохион байгуулах гэж байгаа. Сонирхсон хүн бүр www.responsiblenomads.mn вэб хуудсаар виртуал форумдаа оролцох боломжтой.

 

-Малчдын хадгаламж зээлийн хоршооны талаар олон сонирхолтой мэдээлэл хуваалцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгүүлч: Р.Оюунжаргал