Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины “азын” дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон ₮2 тэрбумыг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины “Азын” буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон ₮2 тэрбумыг Хүүхдийн төлөө санд өнөөдөр хүлээлгэн өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар "Хагас жилийн хугацаанд цугласан ₮2 тэрбумыг өнөөдөр Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгч байна. Цаашид шинэ сери задрах бүрд азын хэмээн заншсан сонирхол татсан дугааруудыг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг үргэлжлүүлэн Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм. 

Хүүхдийн төлөө санд орж байгаа мөнгийг оюуны болон спортын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал болон очих юм байна. Тэгэхээр сонирхол татсан дугаарыг худалдан авч буй нь хүүхдүүдийг дэмжсэн үйлдэл гэдгийг хэлье. 

Дуудлага худалдаа эхлэх үеэр хуурамч хөөрөгдөх үзэгдэл гарч байсан. Тухайлбал, нэг дугаар 400 сая төгрөгийн үнэ хүрч олны анхаарлыг татсан ч тухайн хүн дугаарыг аваагүй" хэмээн хэллээ.

Дуудлага худалдаанд оролцохын тулд иргэд 50 мянган төгрөгийн барьцаа байршуулдаг бөгөөд хүссэн дугаараа авч чадаагүй тохиолдолд барьцаа болгон байршуулсан мөнгийг буцаан олгодог аж. 

Автотээврийн үндэсний төв 2021 оны хоёрдугаар сарын 15-наас хойш 10 удаагийн дуудлага худалдааг зохион байгуулж 1,126 дугаарыг худалдан борлуулж, 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн  дугаар 45 сая төгрөгөөр зарагдсан бол хамгийн бага дүнгээр зарагдсан дугаарын үнэ 100 мянган төгрөг байжээ.

"Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр зарцуулахаар журамласан"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн төлөө санд байршсан мөнгийг хэрхэн зарцуулах талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "ХНХ-ын сайдын хувьд Хүүхдийн төлөө сан байгуулагдсанд туйлын баяртай байгаа. Сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр зарцуулахаар журамлагдсан. Тодруулбал, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтуудад, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахад, олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид зардал олгох, урамшуулах чиглэлээр зарцуулна. 

Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу шилэн байна. Одоогоор Хүүхдийн төлөө санд өмнө нь хуримтдагдсан мөнгө ТББ-ын дансанд байршиж байгаа бөгөөд сантай холбоотой журам батлагдаад данс дөнгөж нээгдээд байгаа. Эхний ээлжинд ЗТХЯ-наас ийнхүү мөнгө орж ирлээ. Удахгүй ТББ-ын дансанд байршиж байгаа мөнгө орж ирээд, зарцуулалт нь шилэн байдлаар хэн бүхэнд нээлттэй харагдаад явна" гэдгийг хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn