Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дулаарлын хүчтэй нөлөө ба Улаанбаатарыг бүрхсэн түймрийн их утаа

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уур амьсгалын өөрчлөлт бүх улс оронд хамаатай болохыг сүүлийн өдрүүд илүүтэй мэдрүүлж байна. Сибирьт үргэлжилж буй их түймрийн утаа Улаанбаатар төдийгүй Монгол орны хойд бүс нутгийг бүрхсэнээр агаарын чанар иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэв. 

Тус бүс нутагт сүүлийн 150 жилд тохиолдоогүй хуурай зун болж байгаагаас үүдэн зургаадугаар сараас хойш ар араасаа үргэлжилсэн их түймэр ийнхүү нөлөөлж байгаа хэрэг. Нийт 200 гаруй удаагийн түймэрт өртсөн талбайн хэмжээ 5.3 сая хавтгай дөрвөлжин км-т хүрснийг НАСА мэдээлжээ. 

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт цаашид үүнээс илүү хурцаар нөлөөлж, бүхий л улс орон үр дагаврыг нь амсах болно гэдгийг найман жилийн дараа шинэчлэгдэн өнгөрсөн долоо хоногт танилцуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх эрдэмтдийн зөвлөлийн тайланд цохон тэмдэглэжээ. 

Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг бууруулахаар 2013 онд Засгийн газрууд байр сууриа нэгтгэсэн ч ийнхүү найман жил өнгөрөхөд нүүрстөрөгчийн ялгарал тасралтгүй өссөнийг тус тайлан харуулсан байна. 

Дэлхийн агаарын дундаж температур 1.5 градусаар нэмэгдсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар улс орнууд нэгдэж, Парисын хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан. Монгол Улс ч хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлсэн байдаг. 1.5 градусаас илүү дулааруулахгүйн тулд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг хоёр дахин бууруулж, 2050 онд агаарын температурын өсөлтийг 0 болгох шаардлагатай гэж эрдэмтэд үзсэн. Гэвч уг зорилтод хүрэхэд 9 жил ойртоод байхад бага боловч бууруулж чадаагүй төдийгүй нүүрстөрөгчийн ялгарал улам нэмэгдсэнээр манай гарагийн өнцөг булан бүрд үхлийн аюул дагуулсан гамшигт үзэгдлүүд нэмэгдэх болжээ. Дэлхий дээрх бүх мөнх цэвдэг хайлж байгаа бөгөөд хуй салхи улам эрчтэй болсоор байгааг тайланд дурдсан байна. Энэ онд л гэхэд Хятад, Европт урьд өмнө үзэгдээгүй их үер буусан бол Сибирь, АНУ-ын баруун болон төв хэсгийг томоохон хэмжээний түймэр нөмрөв. 

Шинэ тайланд баталгаажуулсан зарим гол тоо баримтыг дурдвал 

  • Сүүлийн 10 жил 125,000 жилийн түүхэн дэх хамгийн халуун үе хэмээн тэмдэглэж байна. 
  • Агаар мандал дахь CO₂-ийн хэмжээ 2 сая жилийн түүхэн дээд түвшинд хүрчээ. 
  • Хөдөө аж ахуй болоод хатуу түлшний хэрэглээнээс үүдэлтэй метан, азотын ислийн хэмжээ хүлэмжийн хийн ялгарлын 800,000 жилийн оргил цэгт хүргэжээ. 
  • Ийнхүү хүлэмжийн хийн хэмжээ өссөнөөр дэлхийн дундаж температур 19 дүгээр зууны сүүл үеэс 1.1 градусаар нэмэгдэх шалтгаан болов. 
  • Энэ бүхний учир шалтгаан буюу 95% нь хүний буруутай үйл ажиллагаанаад үүдэлтэй ба хүн төрөлхтөн агаарыг 100,000 жилийн дээд хэмжээнд хүртэл "халаасан" гэж тооцоолжээ.

Монгол Улсад 2021 онд л гэхэд Архангай аймгийн дөрвөн суманд 10 орчим айлын гэр нурж, 5,000 орчим мал урссан бол Увс аймагт 12 настай охин амиа алдсан. 

Манай улсын оршин байх Зүүн Азийн бүс нутагт гамшиг дагуулах хур тунадасны хэмжээ үлэмж нэмэгдсэн ба цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг НҮБ-ын тайланд тусгажээ. Зүүн Азид хуурайшилт эрчимжих талаар ч онцолсон байна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт 2015 оны есдүгээр сард манай улсаас албан ёсоор хүргүүлсэн "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр" баримт бичигт хийж болохуйц зүйлсээ жагсаан бичжээ. 

Үүнийг доорх хүснэгтэд үзүүлэв.

Салбар  Арга хэмжээ  Бодлого/стратегийн баримт бичиг
Эрчим хүч
(цахилгаан
ба дулаан)
Улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нийт суурилагдсан чадалд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийн эзлэх хувийг 2014 онд 7.6% байсныг 2020 онд 20%, 2030 онд 30% болгож нэмэгдүүлэх Төрөөс эрчим хүчний
талаар баримтлах
бодлого (Монгол улсын
Их хурлын 2015 оны
65-р тогтоол),
- Ногоон Хөгжлийн
бодлого, 2014
Цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх үеийн алдагдал 2014 онд 13.7% байсан ба түүнийг 2020 онд 10.8%, 2030 онд 7.8% хүртэл тус тус бууруулах
Барилгын дулааны алдагдлыг 2014 оны түвшнээс 2020 онд 20%, 2030 онд 40%-иар бууруулах.
ДЦС-уудын дотоод хэрэглээ 2014 онд 14.4% байсан ба түүнийг 2020 онд 11.2%, 2030 онд 9.1% хүртэл тус тус бууруулах.
Шинээр барих нүүрсний ДЦС-уудад хэт өндөр даралтын технологи мэтийн дэвшилтэт технологи ашиглах замаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний зарцуулалтыг 2030 он гэхэд 20%-иар бууруулах. 
Эрчим хүч (тээвэр) Хатуу хучилттай замын сүлжээг өргөтгөх. Хатуу хучилттай авто замын уртыг 2016 онд 8,000км-т, 2021 онд 11,000км-т хүргэх Уур амьсгалын
өөрчлөлтийн үндэсний
хөтөлбөр (УАӨҮХ),
2011;
- Нийслэлийн нийтийн
тээврийг хөгжүүлэх
хөрөнгө оруулалтын
хөтөлбөр, 2015;
- Шинэ бүтээн
байгуулалтын зорилтот
хөтөлбөр, 2010;
- Үндэсний онцлогт
тохирсон хүлэмжийн
хийн ялгарлыг
бууруулах үйл
ажиллагаа (НАМА),
2010
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж замын түгжрэлийг 2023 он гэхэд 30-40% бууруулах.
Түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн нийт тээврийн хэрэгсэлд эзлэх хувь 2014 онд ойролцоогоор 6.5% байсан ба түүнийг 2030 онд 13%-д хүргэх
Байгаль орчны татвар ба төлбөрийн системийг сайжруулах замаар Улаанбаатар болон бусад хот, аймгийн төвүүдэд шингэн түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслүүдийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх.
Замын болон замын бус тээврийн хэрэгсэл ба хөдөлгүүрт зориулж хийн ялгарлын шинэ норм боловсруулах. 
Аж үйлдвэр 2012-2030 онд цементийн үйлдвэрийн нойтон технологийг хуурай технологид шилжүүлэх, хуурай технологи бүхий цементийн шинэ үйлдвэрүүд байгуулах замаар ХХЯ-ыг бууруулах. НАМА, 2010;
- УАӨҮХ, 2011;
- 2012 оны Засгийн
газрын 171-р тогтоол:
Барилгын материал
үйлдвэрлэлийн
хөтөлбөр
Хөдөө аж ахуй Малын тоо толгойг бэлчээрийн даацад нь тохируулан зохистой түвшинд байлгах нөхцөл бүрдүүлэх.  “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2010
 
Дээрх зорилтуудаас үзвэл 2021 оны байдлаар хэрэгжсэн нь цөөхөн харагдаж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2020 оны байдлаар 12% болжээ. Цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ 18% өссөнийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлж байв. Эрчим хүчний салбарт Тавантолгой ЦС, Тавдугаар ЦС гэсэн хоёр шинэ эх үүсвэртэй болохоор төлөвлөж байгаа нь хоёулаа нүүрсэн технологитой. Түгжрэлийг 2023 он гэхэд 30-40% бууруулах зорилт л гэхэд эсрэгээрээ хэрэгжиж хоёр жилийн дараа тэг зогсолтод орохоор байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулсан. Малын тоо толгой 2020 оныг эс тооцвол өнгөрсөн зургаан жилд тасралтгүй өсөн нэмэгдэж, бэлчээр улам доройтсоор. 
 
Ийнхүү Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Монгол бол дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэгд тооцогдож буй. Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтөөс хоёр дахин их халалт Монгол Улсад явагдаж, дэлхийн дулаарлаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн тоо 1990 оноос хойшихтой харьцуулахад 2020 оноос хойш хоёр дахин нэмэгдсэнийг судлаачид анхааруулсаар байна. Энэ бүхэн эдийн засгийн асар их хохиролтой юм.
 
Тиймээс аль болох богино хугацаанд улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээ бууруулбал цаашдын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломжтой хэмээн их гүрнүүд үзэж, энэ талаарх богино болон дунд хугацааны төлөвлөгөөг ирэх арваннэгдүгээр сард хэлэлцэхээр төлөвлөжээ.