Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМЯ өчигдөр биднийг хуурсан. Ерөнхийлөгчийг өөрийн биеэр бидэнтэй уулзахыг шаардаж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн ажилтнууд өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс цалинг нэмэгдүүлсэн мэтээр худал ташаа мэдэээлэл тарааж байгаад харамсаж буйгаа илэрхийлж байв.

"ЭМЯ өчигдөр биднийг хуурсан. Хууртсаар байгаад залхаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд "Шаардлагын хариуг хүлээж төв талбай дээр 11 дэх өдрөө суулт хийж байна. Гэсэн ч бидний шаардлагыг биелүүлээгүй хэрнээ биелүүлээд байгаа мэтээр худал мэдээллийг тарааж байна. 

Ерөнхийлөгчийг өнөөдрийн дотор бидэнтэй өөрийн биеэр уулзаж, шаардлагыг маань хүлээн авахыг хүсэж байна. 

Цалинг 20 хувиар нэмсэн гэх мэдээлэлд няцаалт хийе. Үндсэн цалингаас гадна үр дүнгийн урамшуулал олгодог байсныг цар тахлын үед өгөхгүй байгаа. Тэр урамшууллыг олгох болсноо цалинг 20 хувиар нэмж байгаа мэт худал мэдээллийг тарааж байна. Мөн цалинг гурав дахин нэмсэн гэх худал мэдээлэл гарлаа. Улаан бүсэд ажиллаж байгаа ажилчдын илүү цагийн цалинг гурав дахин нэмэгдүүлснээ үндсэн цалинг нэмэгдүүлсэн мэтээр мэдээлэл тараасан. 

Харамсалтай нь ЭМЯ өчигдөр биднийг хуурсан. Яамны зүгээс "Цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж байна" гээд хариу өгөлгүй тараад явцгаасан байна. Шөнө ээлжтэй хоносон эмч нар маань өглөө ирээд, өдөр ажилтай байсан нь оройдоо ирж суугаад яамныханыг шөнийн 01:00 цаг хүртэл хүлээсэн. Хууртсаар байгаад залхаж байна. 

Залуу хүмүүсийнхээ бухимдлыг хорьж торгоож дийлэхгүй болж, олон хоног суусан эмч нар маань өөрсдөө өвдөж эхэллээ. Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээн хэллээ. 

Эрүүл мэндийн ажилтнууд шаардлагынхаа хариуг автал наадмын өдрүүдээр ч төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэдгээ мөн хэлж байв.

"Ерөнхийлөгчийг төсвийн тодотголд хориг тавихыг шаардаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Эмч нарын цалинг нэмэх асуудлыг бүх салбарынхан, ард түмэн дэмжиж байгаа. Хэн ч эрүүл мэндийн салбарынхантай барьцаагүй. Эхний ээлжинд цалинг нь нэмээд өгөөч ээ гэсэн байр суурийг илэрхийлж байна. Түр хорооны зүгээс ажил хаялт зарлах шийдвэрийг гаргаад байгаа ч цар тахлын энэ хүнд үед тэвчээд байгаа.

Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавих хэрэгтэй. УИХ ээлжит бусаар хуралдаад төсвийн тодотголыг хэлэлцэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.

Ерөнхий сайд өнөөдөр 15:00 цагт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг  нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийнэ гэсэн ч Түр хорооны хоёрхон төлөөллийг оролцуулна гэсэн нь чамлалттай байгааг суулт хийж буй эмч нар хэлж байв. 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn