Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Хэн өршөөгдөх вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын төрөөс батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай тав дахь хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв.

Уг хуулиар Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж байгаа юм. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.

Хуулийн үйлчлэх цар хүрээ

  • 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 00 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
  • 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
  • 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүмүүст хамаарна.

​Харин Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар   сарын  22-ны  өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны  өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.

Ялаас өршөөн хасах:

  • 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
     
  • 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах, Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүн хулгайлах, Хүнийг хүчээр алга болгох, Заналхийлэх, Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх, Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах, Хууль бусаар үр хөндөх, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Эд хөрөнгө устгах, гэмтээх, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах, Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх, Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
     
  • Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах, Дээрэмдэх, Залилах, Хөрөнгө завших, Мал хулгайлах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
     
  • Дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас хоёр жилийг хасна.

Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих

  • 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах, Дээрэмдэх, Залилах, Хөрөнгө завших, Мал хулгайлах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Эрүү шүүлт тулгах, Хууль бусаар ан агнах, Хууль бусаар мод бэлтгэх, Ой, хээрийн түймэр тавих, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.
     
  • 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах, Дээрэмдэх, Мал хулгайлах, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох

Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө. 

Хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлөх, үр дагаврыг арилгах

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийг БҮРЭН ЭХЭЭР нь энд дарж уншина уу.