Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины талаарх ямар мэдээлэлд итгэх вэ?

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ямар нэг шалтгааны улмаас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд  VeroCell, AstraZeneca, Pfizer вакцинаас сонголтоороо хийлгэх боломжтойг ЭМЯ-наас мэдээлсэн. 

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 52.7 хувь буюу 1.7 сая иргэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгээд байна. Энэ ажилд яг дөрвөн сарын хугацаа зарцуулжээ. Тодруулбал, манай улсад дархлаажуулалтын ажил 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхэлж байв. 

Гэсэн ч хүн амын 75-80 хувь дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс зорилтот бүлгийн хүрээг тэлж жирэмсэн эмэгтэйчүүд болон 16, 17 настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Түүнчлэн Даваа гарагаас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлэхээр болсныг Засгийн газар, ЭМЯ-наас зарлаад байна. 

Үүнтэй зэрэгцэн вакцины талаар батлагдаагүй мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр цацагдах болов. Тиймээс COVID-19 халдварын эсрэг вакцинуудыг дэлхийн хэчнээн улсад хэрэглэж байгаа болон КОВАКС хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэе. 

Хоёр ба түүнээс дээш улс орон дархлаажуулалтад хэрэглэж буй 10 төрлийн вакцин байна. Тэдгээрээс хамгийн олон улсад хэрэглэгдэж байгаа нь AstraZeneca юм.

Вакцины хэрэглээг хэрэглэж буй улс орнуудын тоогоор эрэмбэлж харвал:

 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 4.9 сая тун вакциныг татан аваад байгаагийн 4.3 сая тун нь БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн VeroCell вакцин юм. VeroCell вакциныг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч буй. Түүнчлэн ОХУ-ын Спутник V вакцины 60 мянган тунг худалдан авсан. 

Харин 295 мянган тун Pfizer, 262 мянган тун AstraZeneca вакциныг КОВАКС хөтөлбөр болон БНЭУ, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хүлээн аваад байна. 

 

Халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд вакцин чухал нөлөө үзүүлдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал, 2016 онд вакцинтай холбоотой гарсан ташаа мэдээллээс үүдэн дархлаажуулалтын хувь 3 орчим хувиар буурахад халдварын дэгдэлт гарч байв. Мөн манай улсад пневмококк буюу уушгины хатгаа өвчнөөс сэргийлэх вакциныг хүүхдийн бага насанд хийж эхэлснээс хойш 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жил тутам буурч байгааг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр танилцуулж байв.