Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шойгу: Москвад Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан хоёр уран баримлыг байршуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ОХУ-д хийж буй ажлын айлчлал 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдөр эхэллээ.

Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгугийн урилгаар “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хурал”-д оролцож байгаа юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран баримлын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон байна.

“Нормандия-Неман” францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт зориулж уран баримлуудыг байршуулах болно

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр уран баримлыг нээж байна.

Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж уран баримлуудыг байршуулах болно” гэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “ Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэд Монгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” байршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна”. 

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай чөлөөт ярилцлага өрнүүлж, бусад төлөөлөгчдийн хамтаар уран баримлын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхжээ. 

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Москва дахь Элчин сайдын яамны байраар зочилж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваатай уулзалт хийсэн байна гэж БХЯ-наас мэдээлэв.

Фото

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг