Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: COVID-19-ийн улмаас Монгол Улсын 330 сумын 109 нь хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТ тогтоожээ

A.Жаргал
2021 оны 6 сарын 16
iKon.MN

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улсын 330 сумын 109 нь орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Учир нь халдварын голомт болсон Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөн өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа ба сүүлийн өдрүүдэд хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2,000 давж, өдөр бүр хамгийн өндөр үзүүлэлтийг ЭМЯ мэдээлсээр байна. 

Инфографик 2. Газрын зураг дээр хулганаа чирч, тухайн аймаг, сумдын нэрийг тодорхой харах боломжтой.

Өнгөрсөн 24 цагт орон нутагт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 644-өөр нэмэгдсэн нь коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнээс хойших хамгийн олон тохиолдолд тооцогдож байна. 

Орон нутагт төмөр замаас голомтолсон халдвар хумигдсан байсан ч 2021 оны гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатараас гарах хөдөлгөөн нээснээр дахин тархаж, 19 аймагт хүмүүс COVID-19-өөр өвчилсөн. Улмаар тавдугаар сарын 20-д гэхэд гурван аймаг "Ногоон бүс" болж, халдварын тархалж буураад байсан юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нөөс эхэлснээр долоо хоногийн дунджаар өдөр 50 орчимд хэлбэлзэж байсан орон нутгийн халдвар тав хоногийн дараачаас нь өдрийн дундаж нь хоёр дахин өссөнийг доорх график харуулж байна. 

График. Халдварын тохиолдол орон нутагт

Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа нь орон нутаг руу хөдөлгөөн нээсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Ийнхүү орон нутаг засаг захиргаа өөрсдөө шийдвэр гарган тодорхой хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж эхлээд буй. Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчих шаардлагатай болоод байна.