Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Өнгөрсөн хоногт орон нутагт 505 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутагт сүүлийн 24 цагт 16 аймагт нийт 505 тохиолдол батлагджээ. 

Энэ нь манай улсад коронавирусийн халдвар гарснаас хойш орон нутагт хамгийн олон тохиолдол шинээр бүртгэгдсэн өдөр болж байна. 

Дөрөвдүгээр сард тогтоосон хөл хорионы үеэр орон нутагт бүртгэгдэх халдварын тоо долоо хоногийн дунджаар 100 орчим байсан бол хөл хорионы дараах 10 хоногт аажмаар буурч байв. Гэсэн ч орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээснээс хойш буцаад халдварын тоо өссөн. Улмаар тавдугаар сарын 24-н буюу сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш орон нутаг дахь халдварын тоо огцом өсжээ. 

Аймгуудаас хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн нь Төв аймаг бөгөөд нийт 1,608 тохиолдол батлагдсан. Тохиолдлын тоогоор Орхон аймаг удаалж нийт 1,033 тохиолдол батлагдсан бол Дархан-Уул аймагт 879 тохиолдол бүтгэгдсэн гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн Сэлэнгэ, Архангай, Завхан, Говь-Алтай аймагт 500-аас дээш тооны халдвар батлагдаад байна. 

Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт өмнө нь төмөр замаас эхтэй халдвар гарч байсан бол халдварын тохиолдол их байгаа Архангай, Завхан, Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдэж эхэлсэн юм. 
 

Өнгөрсөн хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй дөрвөн аймгийн нэг буюу Дорноговь аймагт 12 хоногийн турш халдвар нэмэгдээгүй байна.