Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Өмнөх долоон удаагийн сонгуулийн түүхэнд бичигдсэн мэдээллээс товчлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай анхны хууль 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
1993, 1997, 2001, 2005, 2009 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг уг хуулийн дагуу зохион байгуулж байв.
2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, уг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан юм.
Харин Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулсан түүхтэй.
1993 он: МҮАН, МСДН-ын эвслээс П.Очирбат, МАХН-аас Л.Түдэв нар нэр дэвшиж, П.Очирбат олонхын буюу 57.8 хувийн саналаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон юм.
Сонгуулийн зардал, санал хураалт явагдсан өдөр
Ерөнхийлөгчийн анхны сонгууль 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явагдаж, зардлыг 40 сая төгрөгөөр баталж байсан байна.
1997 он: МАХН-аас Н.Багабанди, МҮАН, МСДН хамтарч нэр дэвшүүлсэн П.Очирбат, МУНН-аас Ж.Гомбожав нар нэр дэвшиж, Н.Багабанди 60.81 хувийн саналаар сонгогдож байв.
Сонгуулийн зардал, санал хураалт явагдсан өдөр
Санал хураалт 1997 оны 5 дугаар сарын 18-ны өдөр явагдаж, сонгуулийн зардал 150 сая төгрөг байв.
2001 он МАХН-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Н.Багабанди 58.13 хувийн саналаар дахин Монгол Улсын Ерөнхийлөгч болжээ.
Сонгуулийн зардал, санал хураалт явагдсан өдөр
2001 оны 5 дугаар сарын 20-ны өдөр санал хураалт явагдаж, 462,534 сая төгрөг зарцуулахаар УИХ-ын тогтоолыг баталсан байна.
2005 он МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж, Н.Энхбаяр 53.44 хувийн саналаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болж байв.
Сонгуулийн зардал, санал хураалт явагдсан өдөр
2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр санал хураалт явагдаж, сонгуулийн зардлын хэмжээ 636,212,180 төгрөг. Энэхүү зардлын 136,212,180 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар баталжээ.
2009 он МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж 51.21 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Сонгуулийн зардал, санал хураалт явагдсан өдөр
2009 оны 5 дугаар сарын 24-ний өдөр явагдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 4,000,000,000 төгрөгөөр баталжээ.
2013 он АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж 50.23 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм. Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн онцлогтой.
Сонгуулийн зардал, санал хураалт явагдсан өдөр
2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал хураалт явагдаж, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” автоматжуулах техник хэрэгслийг ашиглахаар болжээ.
Зардал: 15.8 тэрбум төгрөг.
2017 он 6 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн санал авч нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхын санал аваагүй тул Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явуулжээ. Ингэхдээ Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулсан байна.
Дахин санал хураалтад АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга 50.61, МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд 41.16 хувийн санал авч, Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон түүхтэй.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталсан байна.
Өнөөдөр болж буй сонгуулиар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Энэ удаагийн сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс Д.Энхбат нар нэрээ дэвшүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!