Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхлээд байна.
Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох учиртай бөгөөд санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тус сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд 2,040,556 сонгогч саналаа өгнө гэдгийг УБЕГ-аас мэдээлсэн.
Иймд санал хураалт хэрхэн зохион байгуулагдаж буйг харуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-13-2 дугаар хэсэг буюу 14 дүгээр сургууль, 25-15-1 дүгээр хэсэг буюу 122 дугаар цэцэрлэгээс фото сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.2-т “Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг.
Энэ удаагийн сонгууль хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийх болон коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулагдаж буй онцлогтой байна.
Мөн сонгогчийн лавлах 1800-2800 дугаар 08:00-20:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй.
/Гэрэл зургийг MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!