Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд өмнөх сонгуулиудаас онцлогтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.

Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй. 

Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа: 

  1. П.Очирбат 1993-1997,
  2. Н.Багабанди 1997-2005,
  3. Н.Энхбаяр 2005-2009,
  4. Ц.Элбэгдорж 2009-2017,
  5. Х.Баттулга 2017 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. 

УБЕГ-аас мэдээлснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  2,040,556  сонгогч саналаа өгнө. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцна

Улсын хэмжээнд нийт 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн саналын хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9,535 цагдаагийн албан хаагчид сонгогдон, үүрэг гүйцэтгэж байна. 

Өөрийн санал өгөх байрын мэдээллийг election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа оруулан мэдэж авах боломжтой.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.