Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч гэж хэн бэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болно. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас онцлогтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.

Мөн Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд олгохоор тусгасан юм. Ингэснээр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгч, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдал хумигдана гэж хуульчид, мэргэжлийн хүмүүс үзэж буй.

УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, сонгогчдын 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй болдог. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор эхлүүлээд буй. Улмаар ирэх сарын 9-ний өдөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан. 

Ингээд Ерөнхийлөгчийн бүрэн эрх, хэрэгжүүлдэг чиг үүрэг болон хариуцлагын талаар Ерөнхийлөгчийн тухай болон Үндсэн хуульд хэрхэн тусгасныг хүргэж байна. 

Ерөнхийлөгч гэж хэн бэ?

Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь:

  • Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч,
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээн заажээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх чиг үүргийг Үндсэн хуулиас гадна Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгасан байдаг.

Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудын зүй зохистой харилцан ажиллахад нь бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.

Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд

Үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээн Ерөнхийлөгчийн тухай хуульд заажээ.

Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ?

  • УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлах, улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө.
  • Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
  • Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
  • Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
  • УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
  • УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулах зэрэг бүрэн эрх Ерөнхийлөгчид бий.

Түүнчлэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Тус заалтад дараах бүрэх эрхүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:

  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  • Уучлал үзүүлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно гэжээ.

Ерөнхийлөгчийн ажлын хариуцлага

  • Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулна.
  • Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах бөгөөд Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй хэмээн тусгажээ. 

Ерөнхийлөгч хэнийг томилдог вэ?

  • Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • ЗХЖШ-ын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно.
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх ийнхүү тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.